Цэс

Холбоо барих

“Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” хоёр дахь өдрөө үргэлжилж байна


Суралцагчдын хууль зүйн техникийн суурь мэдлэгийг бататгах, хуулийн төсөл боловсруулах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг энэ сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Монголын Хуульчдын холбооноос магадлан итгэмжилсэн тус сургалтад энэ удаа Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн ажлын албаны ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахууд, хуульчдын төлөөлөл оролцож байгаа юм.

Энэ өдрийн (2026.03.13) сургалтыг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Гэсэр чиглүүлж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор (LL.D) Б.Амарсанаа, тус сургуулийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор (LL.D) С.Батбаяр нар Хуулийн төсөл боловсруулахад эрх зүйн рецепцийг ашиглах арга зүй сэдэвт илтгэл танилцууллаа.


Эрх зүйн эх сурвалжууд, гарааны асуудлууд, нөхцөл байдал тогтмол өөрчлөгддөг, хууль тогтоогчид шинэ хууль тогтоомжийг баталдаг учраас хууль, эрх зүйн салбарт ажиллах нь насан туршийн суралцах процесс хэмээн Б.Амарсанаа доктор илтгэлээ эхлүүлэв. Үргэлжлүүлэн харьцуулсан эрх зүй ба эрх зүйн бүл, олон улсын сайн туршлага ба эрх зүйн туслалцааны талаар танилцуулсан. Хүн төрөлхтөн олон зууны турш хэдэн зуун янзаар бүтээсэн эрх зүй хэмээх бүтээлийг бүлэглэн ангилдаг болохыг тайлбарлаад хууль тогтоомжийн төслийг боловсруулах арга зүйн хүрээнд эрх зүйн бүлээр (зарим тохиолдолд аймаг) нь харьцуулж хардаг гэлээ. Монгол Улс эх газрын эрх зүйн бүлд сүүлийн 70-аад жил харьяалагдаж байгааг, энэ бүлийн онцлогийн талаар цухас дурдсан. Аливаа нэг хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа эрх зүйн бүлийг сонгон, системийнх нь орчинд бусад хуультай хэрхэн уялдаж байгааг гүн гүнзгий судлах нь зүйтэй гэв. Тодорхой асуудлыг бусад улс орон хэрхэн шийдвэрлэснийг, тэдгээрийг харьцуулан судлах нь хамгийн цаг хэмнэсэн арга буюу эрх зүйн рецепц болно хэмээлээ.


Үргэлжлүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор (LL.D) С.Батбаяр эрх зүйн рецепцийн тухай ойлголт, эрх зүйн рецепц хийх онол, арга зүй, хууль зүйн шинэчлэл сэдвээр илтгэл танилцуулсан.

Гадаад улсын эрх зүйн тогтолцоо, салбар, институтыг бүхэлд нь буюу системийн түвшинд хүлээн авч, дотоодын тогтолцоонд шингээх үйл явцыг legal reception буюу эрх зүйн нутагшуулалт гэх бол нэг улсын эрх зүйн тодорхой хэм хэмжээ, институт, зарчмыг өөр улсын эрх зүйн тогтолцоонд шууд буюу харьцангуй шууд байдлаар нэвтрүүлэх үзэгдлийг эрх зүйг шилжүүлэн суулгах (legal transplant) гэдэг байна. Энэ хүрээнд тэрбээр онолын чиг баримжаа, үндсэн ялгааг дэлгэрэнгүй, жишээ дурдан тайлбарласан. Мөн Англи-Саксоны эрх зүйн бүл, Ром-Германы эрх зүйн бүлийн үүсэл, онцлогийг тайлбарлаад эдний холимог эрх зүйн бүл үүсэж буй эсэх талаар байр сууриа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр цогц, хэсэгчилсэн, ойлголт-нэр томьёоны, тогтолцооны, процессын гэх зэрэг эрх зүйн рецепцийн төрлийн талаар, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажиллагаанд эрх зүйн рецепц ашиглах арга, гаргадаг алдаа, Монгол Улсад рецепц хийгдсэн хуулиудын жишээ, туршлага, ашиглах арга зүйн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан.


Сургалт “Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”-ын талаарх Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч М.Мөнхбатын илтгэлээр үргэлжиллээ. Хууль тогтоомжийн аливаа төслийг боловсруулахдаа олон талт гэрээ конвенцод нийцэж буй эсэхийг, харьцуулсан судалгааны хүрээнд гадаад улсын туршлагыг авч үзэх аргачлал, жишээний талаар тайлбарласан.

Хууль нь арга зүй дээрээ тулгуурласан амьд организм бөгөөд ямар нэг хэсгийг орхигдуулах, эсвэл уялдаа, нийцлийг бүрэн хангахгүй бол гацаа үүсдэг тул тандан судлах нь чухал хэмээгээд Монгол Улс “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”-аа батлаад 10 жил болж байгаа талаар танилцуулсан. Тандан судалгаа хийхдээ нэн тэргүүнд асуудалд дүн шинжилгээ хийх бөгөөд дараа нь асуудлыг зохицуулах хувилбарыг тогтоох, харьцуулан судлах шаардлагатайг хэлэв. Ойролцоо, төстэй нөхцөлийг амжилттай болон амжилтгүй байдлаар шийдвэрлэсэн туршлагуудыг аль алийг нь судлах нь ач холбогдолтой гэлээ. Асуудлаа оновчтой тодорхойлж, түүнээс ургасан зорилгоо тодорхойлон түүнийг хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлох шаардлагатай. Асуудалтай хамааралгүй зорилго аливаа хууль тогтоомжийн төсөлд байж болохгүй бөгөөд төслийг боловсруулах явцад үндсэн асуудалд хамааралгүй зохицуулалтыг тусгах эрсдэл байдгийг сануулж байв.



Үргэлжлүүлэн Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч М.Мөнхбат асуудлыг зохицуулалтын хувилбаруудын үр нөлөөг тандан судлах, зохицуулалтын хувилбаруудын үр нөлөөг тандан судлахад анхаарах зүйл, зохицуулалтын хувилбаруудын хуульд нийцсэн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулаад “Ерөнхийдөө хууль тогтоомжийн төслийн хэрэгцээ, шаардлагыг нь тандан судлах тухайн төслийг боловсронгуй болгох хамгийн эхний цэг байдаг. Хууль тогтоомжийн тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд ямар хууль тогтоомжийн төсөлд тандан судалгаа хийх вэ, ямар тохиолдолд хялбаршуулсан аргыг хэрэглэж болох, мөн ямар төсөлд огт тандан судалгаа хийхгүй гэдгийг тодорхой заасан байдаг. Аливаа хууль тогтоомжийн төсөлд тандан судалгаа хийх нь хэрэгжих боломжийг тодорхойлж, улмаар сайжруулдаг. Цаашлаад хэрэгжилтийг нь хэмжих боломжтой болно” хэмээсэн.


“Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач Д.Баярын танилцуулсан хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал сэдэвт илтгэлээр үргэлжиллээ. Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг бүрдүүлбэр хангах зорилгоор хийдэг ч төслийг сайжруулах ач холбогдолтой байдгийг тайлбарласан, Энэ төрлийн судалгааг тухайн хууль тогтоомжийн төслийн хэрэгжилтийг боломжит хэмжээнд таамаглах байдлаар хийдэг байна. Ихэнхдээ судалгаа хийх хугацаа давчуу байдаг нь судалгааны ач холбогдол, үр ашгийг бууруулдаг талаар дурдаж байв. Төслийн эхийг боловсруулагчид туслалцаа үзүүлэх зорилготой учраас үр нөлөөний талаарх судалгааг хөндлөнгөөс, багаараа хийх нь оновчтой бөгөөд үүнд салбарын судлаач төдийгүй салбар дундын судлаачид байх нь чухал ач холбогдолтой байдгийг тайлбарласан.

Төсөл нь ямар түвшний өөрчлөлт хийхүйц байгаагаас шалтгаалан үр нөлөөний судалгааны хүрээ тодорхойлогдох бөгөөд нөгөө талаас судалгаа захиалагч тал судалгааны хүрээ, даалгавраа маш тодорхой өгөх нь илүү үр дүнтэй байдгийг хэллээ.



Үргэлжлүүлэн Д.Баяр судлаач шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх, хувийн туршлагаасаа хуваалцан, суралтад оролцогдчод зөвлөгөө өгсөн юм.

Дээрх сэдвүүдийн хүрээнд сургалтад оролцогчид тухай бүр сонирхсон асуултаа асууж, илтгэгчдээс хариулт авч байлаа. 

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл, Ханнс Зайделийн сан, Монгол Улсын их сургуулийн Герман, Европын эрх зүйн төвөөс хамтран зохион байгуулж буй “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” үдээс хойг хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоолол хийх аргачлал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал, хуульд тавих техникийн шаардлагын талаарх сэдвүүдээр үргэлжилж, төгсгөлд нь сургалтад оролцсон Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн ажлын албаны ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахууд, хуульчдад гэрчилгээ гардуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл