Цэс

Холбоо барих

Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр /2026.03.13/ эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны дарга Б.Найдалаа чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, С.Зулпхар, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, Л.Энхнасан, Г.Хосбаяр болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.


Хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ байнгын хорооны дарга Б.Найдалаа Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны зүгээс эрүүл мэндийн даатгалын санг үр ашигтай удирдах, даатгалаар санхүүжих эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгаагаа онцлов. Мөн тэрбээр, эрүүл мэндийн даатгалын байгууллагын засаглал, тогтолцоо, статусыг оновчтой тодорхойлж, эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгох, чадавхжуулах, эрүүл мэндийн даатгалын сангийн өсөн нэмэгдэж байгаа зардлыг хянах, санхүүжилтийг үр ашигтай зарцуулах, иргэд, даатгуулагчийн үүрэг оролцоо, даатгалын сангийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар эрх зүйн орчныг шинэчлэхээр зорьж ажиллаж байгаагаа дурдлаа.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны газрын захирал Луйс Виналс Торрес “Азийн орнууд ба Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл: Тулгамдаж буй асуудлууд ба амжилтанд хүргэж буй хүчин зүйлс” сэдвийн хүрээнд хийсэн судалгаагаа танилцууллаа.


Тэрбээр, Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлүүд нь илүү үр ашигтай, тэгш байдлыг хангасан тогтолцоо бүрдүүлэхэд чухал ахиц дэвшил авчирсныг дурдаад анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг өргөтгөж, төлбөрийн механизмуудыг сайжруулсан нь томоохон ололт амжилт болсныг тодотгов. Урьдчилсан дүн шинжилгээнээс харахад эрүүл мэндийн салбарт чиглэсэн санхүүжилт нэмэгдэж, санхүүгийн нөөцийн зарцуулалт илүү үр ашигтай болсон гэлээ.


Танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүд асуулт асуув. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны засаглалыг хэрхэн бэхжүүлэх, бие даасан байдлыг хангах болон хариуцлага, хяналтын асуудлаар зөвлөлдсөн бөгөөд Луйс Виналс Торрес эрүүл мэндийн даатгалын тогтолцооны засаглалыг идэвхитэй, ил тод, нотолгоонд суурилахыг тэргүүлэх чиглэл болгон бэхжүүлж, бодлогын хэрэгжилтийг сайжруулах нь чухал гэдгийг онцлов. Түүнчлэн гүйцэтгэлийг тогтмол хянах, шинэчлэлийн үр нөлөөг үнэлэх, нотолгоог шийдвэр гаргах үйл явцад эргэн тусгах механизм бий болгох нь санхүүжилтийн зохицуулалтуудыг хүн амын хэрэгцээ болон төсвийн бодит боломжтой нийцүүлэн хадгалахад чухал ач холбогдолтой гэлээ.


Мөн тэрбээр, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаа нь засаглал болон стратегийн худалдан авалтын шинэчлэлийг институцчилэх, эрүүл мэндийн санхүүжилтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралтын зорилготой илүү уялдуулах цаг үеэ олсон асуудал болж байгааг онцлон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл