Хариуцлагыг хуулиар чангатгасан хэрнээ тухайн гэмт хэргийн тоо буурахгүй байгаа бол урьдчилан сэргийлж чадаагүй гэсэн үг. Тиймээс асуудал бүрийг хуульчлахаас гэхээс урьтаж нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх хэтийн үр нөлөөг үнэлж, нотолгоонд суурилсан шалгуур үзүүлэлтүүдээр хэмжиж үзэх хэрэгтэй болдог. Манай улсын хувьд 930 гаруй хуулиа эхлээд үнэлэх шаардлагатай. Ялангуяа нэг удаагийн шинжтэй гэмээр хууль тогтоомжид хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх нь шинэ хуулийн төсөл санаачлахаас илүү чухал байгаа хэмээн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал” сэдэвт хичээлээрээ МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Т.Золбоо заасан юм. Хуулийг процессжуулах нь ус, агаар мэт хэрэгтэй гэж тэрбээр онцлоод, Үндсэн хууль бол төрөөс иргэнийг хамгаалдаг баталгаа гэв.
Харин “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоолол хийх аргачлал” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Баасандорж хичээл заахдаа, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр аливаа хуулийн төслийн улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцохоос гадна тухайн хууль тогтоомжийн төслийн үйлчлэх хүрээнд хамаарах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлыг тооцдог болсон гэсэн юм. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батбаяр "Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал"-ыг заав. Юуны өмнө логиктой сэтгэж, бодлогын хувилбар боловсруулахаасаа өмнө хамгийн үр ашигтай, хамгийн бага зардалтай, хурдан хэрэгжих боломжтой, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зохицуулалтын хувилбарыг нөлөөллийн шинжилгээнд үндэслэн сонгоно гэлээ. Хууль, дүрэм, журам, захиргааны зохицуулалт, өөрөө зохицуулах механизмын алиныг нь сонгохоо мэдэхийн тулд зохицуулалтын нөлөөллийн шинжилгээг хийж үзэх нь зүйтэй. Эдийн засгийн, нийгмийн, захиргааны зардлын, хэрэгжих боломжийн үнэлгээ, эрсдэлийн болон оролцогчдын гэсэн зургаан төрлийн шинжилгээ байдаг ажээ. Хууль зүйн техник талаас үндсэн зарчмаа баримталж, нэг утгатай нэр томьёо, давхардалгүй зохицуулалт, эрх, үүргийг салгаж ялгаж, өгүүлбэрийн зөв бүтэцтэй, хэт нарийвчлалгүй, хэт ерөнхийлөхгүй, дотоод нийцэлтэй, бусад хуультай уялдуулахаар, хэрэгжих боломжтой зэргийг харгалзах учиртайг бодит жишээнд тулгуурлан тайлбарлаж байлаа.
Ийнхүү “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл, Ханнс Зайделийн сан, Монгол Улсын Их Сургуулийн Герман, Европын эрх зүйн төвөөс хамтран зохион байгуулав. Монголын Хуульчдын Холбоогоор магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу хууль зүйн салбарын эрдэмтэн, доктор, профессор, судлаачдаар багшлуулсан IV ээлжийн сургалтад Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслийн төлөөлөл, бүлэг, ажлын албаныхан, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, хуульч 60 орчим хүн хамрагдсан юм.
Энэ удаагийн сургалтыг Улсын Их Хурал дахь МАН-ын болон АН-ын бүлгүүдийн ажлын алба, Улсын Их Хурлын зөвлөх, туслахуудын холбооноос ирүүлсэн хүсэлтэд үндэслэн зохион байгуулсан талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан тодотгов.
Чанартай сайн хууль Үндсэн хуулийн зарчим, үнэт зүйл, ард түмний язгуур ашиг сонирхол дээр тогтдог. Бид зөвхөн хууль баталдаг парламент биш, “амьдрах чадвартай” хууль бүтээдэг парламент байх ёстой. Үүнд хүн бүрийн хичээл зүтгэл маш чухал ач холбогдолтой. Хууль бол зөвхөн парламентын шийдвэр биш. Хууль бол иргэдийн итгэл, шударга ёсны баталгаа. Тэр итгэлийг бөхөлж, баталгааг бий болгож ажиллахыг сургалтад оролцогчдоос Н.Учрал дарга хүссэн байв.
Улсын Их Хурлын даргын мэндчилгээний дараа сургалтын талаарх дүгнэлт хэлэлцүүлгийг зохион байгуулагч талууд болон оролцогчдын дунд өрнүүллээ. Хууль бүтээх ажил нь урлагийн түвшинд хүртлээ хөгжиж, ур хийц шаарддаг болсоныг сургалтаас олж мэдэж, гүйцэтгэж байгаа хуулийн төсөл, ажлаа эргэн харах шаардлагатайг ойлгосноо, илүү ихийг тунгааж, судлан шинжлэх аргачлалд суралцсан талаар оролцогчдын төлөөлөл сэтгэгдлээ илэрхийлэв.
Сургалтад бүрэн хамрагдаж, кредит цаг бүрдүүлсэн төгсөгчдөд гэрчилгээ гардууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English