ДАВАА ГАРАГ
Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар төрийн албаны бүтэц, засаглал, эрх зүйн судалгааны талаарх болон Засгийн газрын дэргэдэх Үндэсний зөвлөл, хороод, төрийн албаны цахимжилтын талаар мэдээлэл сонсов. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын түвшний ажлын хэсгийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/76770/
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүллээ. Төсөлд, Улсын Их Хурлын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн бол эгүүлэн татах хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болгох зохицуулалтыг тусгасан байна... https://www.parliament.mn/nn/76769/
Скотт Ж.Шапирогийн “Legality” ном монгол хэлнээ хэвлэгдлээ. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы санаачилгаар “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Хуульт ёс” нэрээр хэвлэгдсэн номын нээлтэд редактороор нь ажилласан, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Лүндээжанцан, номын орчуулагч С.Энх-Амгалан нар оролцсон төдийгүй зохиогч профессор Скотт Ж.Шапиро видео мэндчилгээ ирүүлж, бүтээлийнхээ тухай товч танилцуулан, хуульч, эрдэмтэн судлаачид, оюутан, багш нарын эрх зүйн онол, судалгааны суурь сурвалжийн нэг болж, ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа дурджээ... https://www.parliament.mn/nn/76771/
МЯГМАР ГАРАГ
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл санаачилж, Хөдөө, аж ахуйн шинжлэх ухааны академитай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр хуулийн төслийг улам сайжруулах, зохицуулалтууд нь бодитой хэрэгжихэд ямар асуудалд илүү анхаарал хандуулах талаар оролцогчдоос авсан санал, зөвлөмжийг нэгтгэн хуулийн төсөлд тусгах юм... https://www.parliament.mn/nn/76774/
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн тэргүүтэй төлөөлөгчид Бутаны Хаант Улсад 2026 оны гуравдугаар сарын 01-06-ны өдрүүдэд айлчлал хийлээ. Айлчлалын үеэр хөндсөн асуудлуудын нэг нь газарзүйн алслагдмал байдал, визийн нөхцөлөөс шалтгаалан хоёр улсын иргэд харилцан зорчиход тодорхой хүндрэл гарч буй учир ард иргэдийн харилцаа холбоог бэхжүүлэх, харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, цаашлаад аялал жуулчлалын салбарыг шинэ түвшинд хүргэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/76772/
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Улсын Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга Н.Учрал тэргүүтэй тус намын удирдлагууд, журмын нөхөд, түүний ар гэр үр хүүхэд нь Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн өмнөх талбайд босгосон гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө... https://www.parliament.mn/nn/76773/
Төрийн бодлого, хууль тогтоох үйл ажиллагаанд мэдлэг, мэдээлэлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвх оролцоотой, хариуцлагатай иргэдийг багаас нь төлөвшүүлэх, парламентат ёс, түүний үнэт зүйл, соёлыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор 2021 оноос хэлэн Улсын Их Хурал, Тамгын газраас “Нээлттэй парламент” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрийн “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш нар болон оролцогчдын уулзалт, хэлэлцүүлэг боллоо. “Парламентын боловсрол” хөтөлбөрт “Өсвөрийн парламент”, сургагч багш бэлтгэх, мэтгэлцэх урлагийн болон дадлагажигч оюутан зэрэг үйл ажиллагаа багтдаг. Үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нэн тэргүүнд сургагч багш нараа бэлтгэхээс эхэлсэн гэдгийг уулзалт, хэлэлцүүлгийг хөтлөн явуулсан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дурдлаа... https://www.parliament.mn/nn/76775/
Улаанбаатар хотноо “Шинэсаран” түр хамгаалах байр нээлтээ хийлээ. Тус төв нэг дор 40 хүн хүлээн авах хүчин чадалтай, хүний эрхийн олон улсын жишиг, стандарт хангасан анхны байгууламж төдийгүй сэтгэл зүй, эрх зүй, эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн тусламж үйлчилгээ, сургалт нөлөөллийн үйл ажиллагаа явуулах хүний нөөц, орчинг бүрдүүлсэн байна. Хүн бүр айдас, хүчирхийллээс ангид амьдрах ёстойг, энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргахгүйг байнга сануулах үүднээс гэр бүлийнх нь зөвшөөрлөөр Шинэсаран охины гэгээн дурсгалыг мөнхжүүлэн шинэ төвийг түүний нэрээр нэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлэв... https://www.parliament.mn/nn/76777/
ЛХАГВА ГАРАГ
Улсын Их Хурал, түүний Тамгын газрын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентын боловсролыг түгээж, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилтын хүрээнд албан ёсоор эхлүүлсэн “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний 2026 оны хөтөлбөрийн хүрээнд магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн бакалаврын хоёр, гурав, дөрөвдүгээр ангийнхныг хамруулдаг “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөр эхэллээ... https://www.parliament.mn/nn/76780/
Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг болон Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тус тус хуралдлаа...
https://www.parliament.mn/nn/76782/, https://www.parliament.mn/nn/76781/
ПҮРЭВ ГАРАГ
Хуулийн чанарыг сайжруулах, үндэсний онцлог, ард иргэдийн хүсэл зориг, хэрэгцээ шаардлагад нийцсэн, амьдралд хэрэгжихүйц сайн хууль батлан гаргахад үндэсний чадварлаг боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал нэн чухал тул Улсын Их Хурал, түүний Тамгын газрын тэргүүлэх зорилтуудын нэг нь хуулийн төсөл боловсрруулагчийг бэлтгэх сургалт байдаг. Энэ удаагийн сургалтад Улсын Их Хурал дахь МАН-ын болон АН-ын намын бүлгүүдийн ажлын алба, Улсын Их Хурлын зөвлөх, туслахуудын холбооноос хүсэлт ирүүлсний дагуу дээрх нэгжийн албан хаагчдыг хамрууллаа. 60 албан хаагч хамрагдсан сургалт хоёр өдөр үргэлжлэв. Улсын Их Хурлын дарга Н.Учрал хуулийн төсөл боловсруулагчийн сургалтад оролцогчдод ирүүлсэн мэндчилгээндээ, иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг хүсчээ.
Сургалтад оролцогчдод Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), профессор Л.Өлзийсайхан, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), философийн ухааны доктор (Ph.D) профессор Н.Лүндэндорж зэрэг хуульч, судлаачид эрдэмтэд хичээл заалаа... https://www.parliament.mn/nn/76785/, https://www.parliament.mn/nn/76787/, https://www.parliament.mn/nn/76791/, https://www.parliament.mn/nn/76795/
БААСАН ГАРАГ
Улсын Их Хурлын дарга Н.Учрал алдар гавьяаны түүхт 105 жилийн ойгоо тэмдэглэж буй Үндэсний батлан хамгаалахын их сургуульд зочилж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцан, бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Энэ үеэрээ, Монгол Улс аюулгүй байдлаа хангах, гаднаас учрах эрсдэлийг сөрөн тэсвэрлэхийн тулд гадаад, дотоод бодлого, нийгэм эдийн засгийн өргөн хүрээний асуудлыг цогцоор авч үзэх шаардлагатай. Ийм цаг үед шинжлэх ухаан, технологи, сургалт-үйлдвэрлэлийн материаллаг баазаа улам бүр бэхжүүлэхэд чармайн ажиллахыг хүсэхийн зэрэгцээ төр, засгаас онцгой анхаарна хэмээв... https://www.parliament.mn/nn/76790/
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Готсурве болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэл нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих зорилготой “Чөлөөлье” санаачилгыг эхлүүлснээ дурдаж, энэ хүрээнд, зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэцүүлэхээр бэлтгэж байгааг хэллээ...
https://www.parliament.mn/nn/76792/, https://www.parliament.mn/nn/76793/
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлгээр эрүүл мэндийн даатгалын тогтолцооны засаглалыг хэрхэн бэхжүүлэх, бие даасан байдлыг хэрхэн хангах болон хариуцлага, хяналтын асуудлаар санал солилцов... https://www.parliament.mn/nn/76794/
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Мон
English