Цэс

Холбоо барих

ӨБХ: Үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх үйл ажиллагаа болон дуусаагүй орон сууцны барилгын бүртгэлийн талаарх мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.03.17) хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа хийлээ. Хуралдааныг Байнгын хорооны дарга О.Номинчимэг даргалан явууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэний эхэнд Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсролын болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын мэдээллийг сонслоо.

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг “үе тэнгийн дээрэлхэлт” гэж тодорхойлсон.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Т.Аубакир мэдээлэлдээ 2024-2026 оны 03 дугаар сарын 13-ны байдлаар нийт үе тэнгийн дээрэлхэлтийн 2300 дуудлага хүүхдийн шуурхай тусламжийн 108 утсанд бүртгэгдсэний 214-д анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө өгч, 2086-д хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 24.6 хувь нь эмэгтэй, 75.4 хувь нь эрэгтэй, мөн дийлэнх нь 11-14 насныхан байгааг сайд мэдээлж, 69.6 хувь нь боловсролын орчинд үйлдэгдэж байгааг анхаарууллаа. Бас нэг анхаарах асуудал бол дээрэлхэлтэд өртсөн хохирогчдын мэдээллийн 55.3 хувийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өгч буй явдал юм. Гэмтэл бэртэл авч эмчлүүлэх хэмжээнд хүрсэн хойно нь л энэ нөхцөл байдлыг илрүүлж байна гэсэн үг юм.

Үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчин дахь хүүхдийн эрхийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хүүхдийн оролцооны байгууллагууд хамтран 2023-2025 онд “Найз байя”, “Чи ганцаараа биш” “Нууцтай байх эрх”, “Нэгдүгээрт хүүхэд” “Зөв байя”, “Хамтдаа хамгаалъя”, “Цахим орчинд эерэг байя”, “Z-Time”, “Бүтээгч ирээдүйг хамтдаа бүтээнэ”, “Because I am a Girl”, “Хүний эрхээс хүүхдийн эрх”, “Миний цахим хэрэглээ” зэрэг 290 төрлийн сургалт, нөлөөллийн ажил, “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” зэрэг үндэсний хэмжээний аяныг зохион байгуулсан байна. Эдгээрт давхардсан тоогоор нийт 578,654 хүүхэд, 168,883 эцэг эх асран хамгаалагч хамрагджээ.

Цаашид 108 утсанд ирж буй боловсролын орчин дахь хэрэг, зөрчлийн дуудлагыг сургуулийн нийгмийн ажилтны, эсвэл боловсролын салбарын программтай шууд холбож, шуурхай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, сургууль бүрд нээлттэй суваг ажиллуулах, хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ бий болгох, эцэг эхчүүдийг бэлтгэх, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг сургах, сайн дурын эргүүл ажиллуулах, нөлөөллийн аян, арга хэмжээг тогтмолжуулах, хүүхдийн оролцооны клуб, эрсдэлтэй орчныг илрүүлэх, төрийн захиргааны болон төрийн бус байгууллага хамтран ажиллах талаар тодорхой саналуудыг хэлсэн юм.

Боловсролын дэд сайд Д.Гантулга мэдээлэлдээ салбарын статистик тоонуудыг товч дурдаж, сургуулийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудын үйл ажиллагааны талаар тодотгосон юм. 2024-2025 оны хичээлийн жилд 421 сэтгэл зүйч ажиллаж байсан бол энэ хичээлийн жилд 799 сэтгэл зүйч болж 378 ерөнхий боловсролын сургууль шинээр сэтгэл зүйчтэй болсон байна. Мөн өмнөх хичээлийн жилд 953 нийгмийн ажилтан ажиллаж байсан бол энэ хичээлийн жилд 978 болж, 25-аар нэмэгджээ. Сургуулийн орчны хүүхэд хамгааллын үйлчилгээний тайланг тусгай маягтаар жил бүр авч буйг тэрбээр танилцуулж, 2024-2025 оны хичээлийн жилд 886 сургуульд хүүхэд хамгааллын бодлогыг мөрдөж, 7939 хүүхэд хамгааллын багийн гишүүд ажилласан, эрсдэлийн үнэлгээнд хамрагдсан 748,378 суралцагчийн 58055 нь дунд, өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэнээс 16117 суралцагч үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэсэн тайланг танилцуулав. Мөн 5165 суралцагчийг бусад байгууллагын хамгааллын үйлчилгээнд зуучилж, 47541 суралцагчийг нөхөн сэргээх үйлчилгээнд, 698983 суралцагч, 379454 багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийг сургалтад хамруулсан байна. Түүнчлэн 310826 суралцагч, 224194 багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид зөвлөгөө өгчээ.

Үргэлжлүүлэн дэд сайд Хүүхэд хамгааллын тухай хуулийн холбогдох зүйл, заалтын хэрэгжилтийг нэг бүрчлэн тодорхой дурдаж, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа талаар танилцуулсан юм. Энэ хууль батлагдсанаар хүүхдийг цахим дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах харилцааг зохицуулах юм.

Мөн хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр хүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохион байгуулалтын талаар ярьж, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллыг хэрэгжүүлж буйг тайлбарласан юм. Үүний хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Хүчирхийллийн эсрэг үндэсний хороог байгуулж, “Хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагаааны 2026-2030 оны төлөвлөгөө”-г боловсруулсан талаар ярьж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг боловсруулан Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, хэлэлцэхийг дэмжсэн гэдгийг хэлсэн юм. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн анхан шатны тойргийн шүүхээс хэргийн харьяаллыг тогтоох, өсвөр насны хүүхдийн үйлдсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн ашиг сонирхлыг хангах асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгасан байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагын дэргэд тав, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэд гурав, нийт найман “Хүүхдэд ээлтэй өрөө”, мөрдөн шалгах байгууллагууд “Хүүхдээс мэдүүлэг авах” 55 өрөө ажиллуулж буйг сайд танилцуулж, насанд хүрээгүй хохирогчийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг болон хүүхдийн үйлдсэн гэмт хэргийг дагнан мөрдөн шалгах үүрэг бүхий 120 эмэгтэй мөрдөгч цагдаагийн байгууллагын хэмжээнд ажиллаж байгааг дурдлаа.

Сүүлийн хоёр жилийн байдлаар улсын хэмжээнд 3215 хүүхэд холбогдсон 2508 гэмт хэрэг гарсан бол 5651 хүүхэд хохирсон 5199 гэмт хэрэг үйлдэгджээ. 2025 оны байдлаар бүх шатны боловсролын байгууллагын орчимд 208 гэмт хэрэг, 134 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг 53 буюу 20.3 хувиар, зөрчил 11.2 хувиар тус тус буурчээ. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах 22 байр, нэг цэгийн үйлчилгээний 17 төв ажиллаж байгаагаар 2025 онд нийт 4695 иргэн үйлчлүүлсэн байна. Тэдний 42 нь насанд хүрсэн эрэгтэй, 1251 эмэгтэй хүн, 3402 хүүхэд байжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, сум, баг, хорооны хэмжээнд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хамтарсан 764 багт нийт 6000 гаруй гишүүн ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх ажил, арга хэмжээний талаарх яамдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Пунсалмаа, Г.Лувсанжамц, Ж.Галбадрах, О.Саранчулуун нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа статистик мэдээлэлд дурдагдаж буй тоо баримтыг лавшруулан тодруулж, эх сурвалж, дата анализ болон хариуц арга хэмжээний асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан үе тэнгийн дээрэлхэлтийн шинж байдал, үр дагавар болон үүний эсрэг авах ял шийтгэлийн бодлого, мөн сургуулийн сэтгэлзүйчдийн хүзрэлцээ, ажиллах нөхцөл боломжийн талаар асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат сайд, дэд сайд нарын мэдээлэлд дурдагдсан “боловсролын орчин” гэдэгт сургууль, түүний орчмын ямар орон зайг хамруулж буйг тодруулаад, нийгэмд шуугиан тарьж буй гэмт үйлдлүүд гарсан тодорхой байршлуудад анхаарал хандуулж ажиллахыг зөвлөсөн юм. Мөн тэрбээр сургуулийн нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах шаардлага байгааг хэлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ TikTok платформыг хаах шаардлагатайг дурдан, холбогдох байгууллага, албан тушаалтнаас энэ талаар тодруулахад хууль байхгүй тул хаах боломжгүй гэсэн хариу ирснийг өгүүлж, эцэг эхчүүд, томчууд хүүхдээ хамгаалах талаар огт үйлдэл хийхгүй байгааг шүүмжлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа гэр бүлийн түвшинд хүүхдийн хүчирхийллийн эрсдэлийг судалсан эсэхийг тодруулж, сэтгэл зүйчийн ажил үүргийг тодотгон ярьсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц соён гэгээрүүлэх, урьчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудын үр дүн яаж гарсан, түүнийг хэрхэн тойдорхойлж, хэмжиж байгааг асуув. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг боддлого, төлөвлөгөөтэй сургууль хэчнээн байгааг асууж, аюулгүйн сүлжээг хэрэгжүүлэхэд шаардагдах дата өгөгдлийн бааз суурийн талаар тодруулсан юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа Боловсролын сайдын зөвлөх Ц.Алтансор “Аюулгүйн сүлжээ”-ний үндэсний загварыг тодорхой танилцуулсан юм. Үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголтыг хүүхэд, эцэг эх, сургууль, багш, олон нийтийн түвшинд өөрчлөх, нэгтгэх, тэдний идэвх, оролцоог хангах замаар уг үзэгдлийг таслан зогсооход аюулгүйн сүлжээний зорилго чиглэж байгаа аж. Энэ бол зөвхөн хүүхдийн асуудал бус системийн асуудал гэдгийг тэрбээр танилцуулсан юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, С.Замира, О.Саранчулуун, Х.Баасанжаргал нар үг хэлж, урьдчилан сэргийлэх ажлын цар хүрээ, далайцыг тэлж, үр дүнг сайжруулах, хүүхэд хамгааллын талаар чиг үүрэг бүхий байгууллага, субьектуудын бодлогын уялдааг хангах, асуудлыг нарийвчлан судалж, шалтгаан, нөхцөл, үр дагаварыг тодорхойлох, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, боловсролын үр нөлөө, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, томчуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм.

Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад холбогдох байгууллагын мэдээллийг сонслоо. Байнгын хороонд энэ асуудлаар 200 гаруй хүний асуудлыг хөндсөн 32 өргөдөл, гомдол ирээд байгаа юм. Иргэдийн хүсэл, амьдралын шаардлага дээр тулгуурлан залилан, луйвар хийж буй энэ асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэх талаар Байнгын хороо анхаарал хандуулан ажиллаж буй О.Номинчимэг танилцуулав.

Орон сууцны барилга барих зөвшөөрөл, захиалгын гэрээ, барилгын чанар болон аюулгүй байдалд тавих хяналт, ашиглалтад оруулах үйл явцын талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайд С.Энхболд танилцуулав. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт 997023 өрхийн 295433 нь орон сууцанд амьдарч байгаа бөгөөд 2021 оноос хойш улсын хэмжээнд жилд дунджаар 21096 айлын орон сууц ашиглалтанд орж байна. Хуульд заасны дагуу барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, өргөх байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх болон бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй барилгын тусгай зөвшөөрлийг яамнаас олгож буйг дэд сайд мэдээлэлдээ дурдаж, барилгын төслийн үе шатуудад зөвшөөрөл, бүртгэл, хяналтын уялдаа алдагдсанаас ашиглалтад орохгүй гацах эрсдэл үүсгэдгийг мэдээллээ. Үе шатуудаас газрын эрх, техникийн нөхцөл олгох, барилгын ажлыг эхлүүлэх болон зураг төсөлд өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийн бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой асуудлууд гацаа саад үүсгэх нь их байгаа юм.

Барилгын төслүүд дуусаагүйн шалтгааныг судлаад төсөл эхлэх үед санхүүжилтийн эх үүсвэр баталгаажаагүй, батлагдсан зураг төсөл явцын дунд өөрчлөгдсөн ч бүртгэлд тусгагдаагүй, гэрээний хэрэгжилт сул, хариуцлага шилжих, маргаан удаашрах, хяналтын тогтолцоо сул, газрын асуудал зонхилж байгааг тогтоосон байна. Мөн зах зээлийн өөрчлөлт, техникийн нөхцөл, дэд бүтцийн асуудлууд ч нөлөөлж байгаа юм.

Салбарын хэмжээнд илэрч буй зөрчлүүдийн дийлэнх нь хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө зөрчих, барилга хоорондын зай хэмжээ, нарны тусгал, ногоон байгууламж болон гадна тохижилтын шаардлага хангахгүй байх, мөн зураг төсөл болон зөвшөөрөлгүйгээр барилга барих асуудлууд байгааг дэд сайд С.Энхболд нэрлэж, барилга, барилгын материалын чанар, аюулгүй байдалтай холбоотой зөрчлүүд тодорхой хэмжээгээр гарч буйг хэллээ. Иргэд зураг төсөл, зөвшөөрөл зэрэг хязгаарлагдмал мэдээллийг авч чаддаг боловч төслийн санхүүжилт, техникийн нөхцөл, газрын эрх зэрэг эрсдэлтэй мэдээллийг мэдэх боломжгүй байдаг байна.

Дуусаагүй барилгын гэх асуудлыг цаашид гаргуулахгүй байхын тулд урьдчилан сэргийлэх, хариуцлагыг тодорхой болгох, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх болон иргэд болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрсдэлд суурилсан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг дэд сайд мэдээлэлдээ онцолсон юм.

Мөн Байнгын хорооны хуралдаанд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг буюу “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд (захиалагч) нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэсэн заалтын хэрэгжилтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийв. Дуусаагүй барилгыг хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр дундын, эсхүл хэсэгчлэн тус тусын өмчлөлд бүртгэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэгдсэнээр нийтдээ 12324 дуусаагүй барилга бүртгэлтэй байгаагийн 2340 нийтийн орон сууцны зориулалттай байна. Зөвхөн 2025 онд гэхэд 143 дуусаагүй орон сууцны барилга бүртгэгджээ. Барилгаа улсын бүртгэлд бүртгүүлэх нь тухайн компанийн сайн дурын хэрэг учир харьцангуй цөөн бүртгүүлж байгааг сайд мэдээлэлдээ онцоллоо.

Иргэн, хуулийн этгээд захиалгын гэрээгээр хөрөнгө оруулж байгаа боловч барилгыг барьж байгаа этгээдийн дангаар өмчлөлд бүртгэж байгаагаас захиалагчдын эрх зөрчигдөж байгааг тэрбээр дурдаж, заавал бүртгүүлэхээр хуульчлах нь зүйтэй гэсэн юм. Мөн мэдээллийг ил тод, нээлттэй болгосноор иргэдийг хохироож, өөр этгээдтэй давхар гэрээ байгуулан залилах, хохирох эрсдлээс урьдчилэн сэргийлэх боломжтой гэлээ.

Барилга барьж байгаа өмчлөгч дуусаагүй барилгаа удаан хугацаатай, өндөр хэмжээтэй зээлийн барьцаанд тавьдгаас захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үйл явц удааширч, эрсдэл үүсдэг байна. Зээлээ төлж чадахгүйд хүрвэл барьцаанд тавьсан барилгыг хураах, эрх, өмчлөлийг нь түдгэлзүүлэх тохиолдол цөөнгүй гардаг аж. Нийтийн зориулалтай орон сууцны барьж дуусаагүй барилгыг барьцаанд тавьж, улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны гэрээ 3179 байгаагийн 394 нь 2025 онд хийгджээ.

Тус яамнаас захиалан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн барьж дуусаагүй барилгад хамаарах зарим зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийлгэсний тайланг мөнхүү Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Сайд, дэд сайд нарын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг нар асуулт асууж, хариулт авлаа. Бодитой, хохиролтой луйвар, залилангийн гэм хэрэг газар аваад байгаа нь илэрхий боловч түүний хэд хэчнээн нь хэрхэн шийдвэрлэгдэж, хэдэн хүн ял зэм хүлээж, ямар хэмжээний хохирол төлсөн тухай асуудал тодорхойгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат анхааруулж, орон сууцны төслүүд, тэдгээрийн өмчлөл, бүртгэлийн мэдээллийг иргэдэд ил тод болгоход яагаад болохгүй байгааг асууж, Хууль зүй, дотоо хэргийн сайд Б.Энхбаяраас хариулт авав. Сайд түүнд өгсөн хариултдаа иргэд захиалах гэж байгаа байрныхаа тухай нарийвчилсан мэдээллийг нотариатаас авах боломжтойг дурдав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ мөн анхны зураг төсөл өөрчлөгддөг, зөвшөөрөл, хяналтын уялдаагүй байдал, мэдээлэл ил тод биш зэргийг онцлоод, “Авлига хороолол” гэгддэг орон сууцны хотхоны талаар тодотгон асуув. Нийт орон сууцны 80 гаруй хувь борлогдсон тус хотхонд улсын комисс ажиллах эсэх, иргэд, захиалагчдын хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой шийдэлд хүрээгүй гэдгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон холбогдох байгууллагын дарга, удирдлагууд өгүүлсэн бол газрын болон байгаль орчин, хот байгуулалтын харилцааны хууль, тогтоомжууд дахь зөрчлүүдээс энэ асуудал үүссэн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тайлбарласан юм. Хуулийн зөрчлийг арилгах чиглэлээр ажиллаж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг энэ үеэр мэдээлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж, яамд, газрууд уялдаа холбоотой, чиг үүргээ хэрэгжүүлэх талаар идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллах, барилга, орон сууцны стандарт, шаардлагыг мөрдөх, хууль, тогтоомжийн нийцлийг хангах зэрэг асуудлуудыг хөндөж, байр сууриа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл