Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 01 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн зорилт нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан дотоодын зах зээл дээр стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших юм.

Мөн эмхэтгэлийн тус дугаарт  “Хуулийн төсөл буцаах тухай”, “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай”, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолууд болон Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн дүгнэлтийг нийтэлсэн байна. Тухайлбал,  “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудаар Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасан бол Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нараас 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлах саналыг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь  мөн буцаажээ.

Түүнчлэн Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухайУлсын Их Хурлын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл”-ийг, 2 дугаар хавсралтаар “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2026 оны төсөв”-ийг тус тус баталсан байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тус дугаарт нийтэлсэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай”  Монгол Улсын Үндсэн хуулийн дүгнэлтэд “Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... эрх чөлөө, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “... үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрх чөлөөтэй. ...”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “итгэл үнэмшилтэй байх ...” эрх чөлөөтэй, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг зөрчөөгүй байна.” гэж үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл