Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 02 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай”, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай”,  Чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг, 2 дугаар хавсралтаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүн”-г, 3 дугаар хавсралтаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин”-ийг, 4 дүгээр хавсралтаар “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг  тус тус баталсан. Мөн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”,  “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулахдаа улсын эдийн засгийн нөхцөл байдал, бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан, төсөл, арга хэмжээг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд, санхүүжилтийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгахыг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Харин  Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд доор дурдсан хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх: а/Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулах, төлөвлөх, батлах, гүйцэтгэлийг тайлагнах, тайланг хэлэлцэх журам, цаглавартай холбоотой хууль хоорондын зөрчлийг арилгахад чиглэгдсэн хуулийн төсөл; б/улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сахилга хариуцлага, хяналтыг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх зорилгоор улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах аргачлал, уг хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлэх зарчим, шалгуурыг тогтоосон хуулийн төсөл. 2/төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний талаар баримталж байгаа бодлого, тогтолцоонд дүн шинжилгээ хийж, цаашид боловсронгуй болгох санал боловсруулан 2026 оны хоёрдугаар улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах; 3/Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 3 дугаар хавсралтад “Тооцох” гэж тусгасан суурь түвшнийг хэмжих аргачлалыг тодорхой болгон тооцоолж, бусад шалгуур үзүүлэлтийг тухайн үед байгаа түвшний хамт тоон үзүүлэлтээр гарган 2026 оны хоёрдугаар улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах; 4/“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болон “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээг Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлэх; 5/“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд санхүүжилтийн эх үүсвэр нь хэсэгчлэн болон бүрэн шийдвэрлэгдсэн, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн төслийг “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар тухай бүр шийдвэрлүүлэх; 6/“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүн” болон “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин”-д заасан зорилтыг хангахуйц, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн зарчим, шалгуурыг хангасан төсөл, арга хэмжээг улсын эдийн засгийн нөхцөл байдал, бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан эрэмбэлж, 2027, 2028, 2029, 2030 оны Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон тухайн жилийн төсвийн төсөлд тусгаж байх; 7/Монгол Улсын нэгдсэн төсвийн жил бүрийн гүйцэтгэлд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин”-д заасан зорилтот түвшинд хүрсэн эсэх, тухайн онд хүрсэн түвшин, төсвийн гүйцэтгэлээр хүрсэн түвшнийг тус тус тусгаж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байх; 8/дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн зорилтот хөтөлбөрийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5-д заасан хүрээнд боловсруулж, 2026 онд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм.

Түүнчлэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолоор “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2025 оны 109 дүгээр тогтоолд тусгасан ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний болон газрын тосны импортын хараат байдлыг бууруулах, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд:

1/сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчний алдагдлыг бууруулах, ногоон технологид суурилсан тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх болон байгаль орчинд ээлтэй зам, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, олон улсын стандартад нийцсэн ногоон барилга, хот байгуулалтын технологи, шийдлийг нэвтрүүлэхэд чиглэсэн төслийн санал, санаачилгыг дэмжих; 2/өрхийн болон орон нутгийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, айл өрхүүдэд нарны панель, батарей, халаагуур хосолсон системийг үе шаттайгаар суурилуулах, хэт урт шугамын цахилгаанаар хангагддаг аймаг, сум, суурин газрын сэргээгдэх эрчим хүчний бие даасан эх үүсвэр, эрчим хүч хуримтлуур бүхий системээр хангах замаар төвлөрсөн шугам сүлжээний ачаалал, алдагдлыг бууруулах, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах; 3/цахилгаан тээврийн хэрэгслийн нийтийн хурдан цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурласан сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий олон улсын туршлагад нийцсэн цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийн багц төслийг нэвтрүүлэх болно. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан удирдамжийн хүрээнд гадаад улстай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар карбон кредитийг хөгжүүлж,  энэ тогтоолын 1 дэх заалтад заасан арга хэмжээтэй холбоотой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр өгөөжтэй байдлаар ашиглах, Монгол Улсад орох хөрөнгө оруулалт, үр өгөөжийг нэмэгдүүлэхийг чиглэл болгон ажиллахыг болон цахилгаан эрчим хүчний импортыг бууруулах, төвлөрсөн эрчим хүчний системээс алслагдсан хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах зорилгоор эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон санхүүжилтийн хөрөнгө оруулалтын боломжийг өргөтгөх, тархмал эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай орчныг бүрдүүлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгожээ.

Түүнчлэн “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолоор  стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын ашиглалттай холбогдуулан авах арга хэмжээнүүдийг Засгийн газарт даалгасан болно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай” тогтоолоор Хүрэлбаатарын Эрдэм-Ундрах, Чадраабалын Баянжаргал нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр тус тус томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Навагчамбын Баасанжав, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг, Ренчиндоржийн Онончимэг, Дорждамбын Зүмбэрэллхам нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс тус тус чөлөөлсөн байна.

Харин “Чиглэл өгөх тухай” тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2025 оны 109 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/үнийн өсөлтөөс сэргийлэх, түүний эрсдэлийг бууруулах зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, төсвийг хэт тэлэх, эрэлтийн гаралтай инфляц үүсэхээс сэргийлэх, дотоодын зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх; 2/уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагааг биржийн арилжаанаас салгаж, бие даасан байдлаар зохицуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах; 3/хилийн боомт, гаалийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс давхардуулан шаардахгүй байх, нэвтрэх хугацааг богиносгох замаар тээврийн зардлыг бууруулах, тээвэр, логистикийн саатлаас шалтгаалан импортын барааны үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх; 4/уул уурхайн салбарын өсөлтөөс үүдсэн төсвийн хэт тэлэлтээс хамгаалах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг чангатгах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон нэмэлт орлогыг хуримтлуулах, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, технологи зэрэг бусад боломжит салбарт хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийг төрөлжүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх; 5/барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, оюуны өмчөөр хамгаалагдсан, эсхүл нарийн технологи шаардсанаас бусад төрөөс хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн худалдан авалт, барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих, шаардлагатай тохиолдолд дээрх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг шинэчлэх санал боловсруулж, танилцуулах; 6/эмийн зохицуулалтын төлөвшлийн түвшин өндөр улсуудаас чанартай эмийг бөөнөөр худалдан авч, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар эмийн үнийг бууруулах, зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан зохицуулалтыг хялбаршуулж, үнийн өсөлтөд хяналт тавих; 7/төрөөс үнийг зохицуулж байгаа салбаруудыг инфляцид огцом нөлөө үзүүлэхгүй байхаар тооцож, үе шаттай чөлөөлөх, зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан төрийн бүх төрлийн зохицуулалтыг хялбаршуулах; 8/төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр доор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэх замаар өрхийн орлогыг хамгаалах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл