“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Худалдааны түр хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хууль болон Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн зорилго нь түүний зарчим, дүрэмд тухайлан заасанчлан Хэлэлцээрийн холбогдох заалтын дагуу Талууд хоорондын барааны худалдааг, тухайлбал тариф болон тарифын бус саад тотгорыг багасгах, эсхүл арилгах замаар хөнгөвчлөх болон чөлөөлөх, мөн талууд хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжихэд оршино.
Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн. Тус тогтоолоор Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: -худалдааны түр хэлэлцээрээр тамхи агуулсан янжуур болон бусад тамхины гаалийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан нийтийн эрүүл мэнд, эдийн засаг, улсын төсөв, татварт нөлөөлөх үр дагаврын дүн шинжилгээ хийх, тамхины гаалийн тарифыг нөхөх, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх тооцооллыг хийж, холбогдох хууль тогтоомжийн төслийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
-Монгол Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэлх хугацаанд Гаалийн тухай хуульд заасны дагуу тамхи, тамхин бүтээгдэхүүн, электрон тамхины импортын хэмжээг 2024 оны сар болгоны хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар хязгаарлах; -хэлэлцээрийн биелэлтэд хоёр жил тутамд хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийж, үнэлгээний тайланг Монгол Улсын Их Хуралд танилцуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English