Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 11 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмж батлах тухай”, “Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмж батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Цахимаар нэн тэргүүнд бодлогын зөвлөмж”-ийг баталсан ба “Цахимаар нэн тэргүүнд (Digital First)” бодлогын зөвлөмж нь хүн төвтэй үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр нэн тэргүүнд санал болгож, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх, хувийн хэвшлийн цахим инновацыг дэмжих замаар улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд баримтлах зарчим болох юм.

Түүнчлэн “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”-ыг шинэчлэн баталжээ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”-аар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-26.1.6 дахь заалтад заасан тусламж, хөнгөлөлт олгох, санхүүжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах юм байна.

 Мөн ахмад настны хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Эмнэлэг хяналтын комисс тогтоох бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан нь Ахмад настны тухай хууль, эсхүл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан ижил төрлийн тусламж, хөнгөлөлтөд хамрагдах тохиолдолд өөрийн сонгосон аль нэг тусламж, хөнгөлөлтөд хамрагдах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл