Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайош-д бараалхлаа


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр /2026.03.19/ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайош-д бараалхлаа.

Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, эрхэм зочинтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг хугацааны шалгуурыг даван, улам батжин өргөжиж ирснийг онцлов.

Монгол Улс, Унгар Улстай дипломат харилцаа тогтоосноос хойших 76 жилийн хугацаанд  хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж ирснийг дурдаад, ээлжит ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан 126 гишүүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Их Хурал дахь хоёр улсын парламентын бүлгүүд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ.


Сүүлийн жилүүдэд Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагаа хоёр талд хэрэгжсэн дээд, өндөр түвшний айлчлалаар бэхжсэнийг тэрбээр онцлоод, 2024 онд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын, 2023 онд Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нарын хэрэгжүүлсэн харилцан айлчлал нь хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэсэн юм.

Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд парламент дахь бүлгүүдийн идэвхтэй хамтын ажиллагаа зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.


Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайош албан айлчлалын хүрээнд бус анд нөхөдтэйгөө уулзсан мэт санагдаж байна хэмээн уулзалтын үеэр тэмдэглэв. Тэрбээр, геополитикийн нөхцөл байдал, уур амьсгал, байгаль орчин ихээхэн өөрчлөгдөж буй энэ үед харилцаагаа өргөжүүлэхийн чухлыг дурдаад, эдийн засгийн хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа ихээхэн үүрэгтэйг онцолсон юм.

Хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааг өргөжүүлэх, харилцан ашиг сонирхол бүхий салбарт хамтын ажиллагааг баяжуулах, түүнийг дэмжсэн эрхзүйн таатай орчныг бий болгоход чухал ач холбогдолтойг тэрбээр дурдаж байлаа.


Уулзалтын үеэр талууд хоёр орны шинжлэх ухаан, түүх, соёл, эдийн засаг, худалдааны  хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Д.Рэгдэл нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ