Улсын Их Хурлын Тамгын газраас тогтмол зохион байгуулдаг “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн С.Сүрэндорж багштай 10Б ангийн сурагчид оролцлоо.
Өнөөдөр (2026.03.19) Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийг хэвлэн нийтэлж эхэлсний 35 жилийн ой тохиож байна. Тус эмхэтгэлийг Улсын Бага Хурлаас эхлэн өнөөг хүртэл Улсын Их Хурлын Тамгын газар эрхлэн гүйцэтгэж байна. Эмхэтгэлийн хамт олон 35 жилийн ойгоо тохиолдуулан Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцыг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан кирилл, брайл хос үсгээр нийтэлсэн тусгай дугаар гаргажээ.
Мөн сурагчид ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан баримт бичиг, хууль, тогтоомжийн эмхэтгэл, сэтгүүлийн үзэсгэлэнг үзэж сонирхсоны зэрэгцээ “Төрийн мэдээлэл-35” хэмээх үгийг монгол бичгээр бичих уран бичлэгийн уралдаанд оролцож, шилдгүүдээ шалгаруулсан юм. Уран бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдад Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга П.Батбаатар дурсгалын зүйлийг гардуулж, Улсын Их Хурлын даргын мэндчилгээг уламжлав.
"Төрийн мэдээлэл" эмхэтгэлд Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зэрэг эрх зүйн актуудыг нийтэлдэг юм.
Эмхэтгэлд нийтлэгдсэн хууль тогтоомжийг албан ёсны эх хэмээн үздэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол нийтэлснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болдог билээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English