Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны тусгай дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаарт Хүүхдийн эрхийн тухай конвенцыг нийтэлсэн байна. Энэхүү тусгай дугаарыг брайл, кирилл хос үсгээр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан гаргасан онцлогтой юм. Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас харааны бэрхшээлтэй иргэдэд эрх зүйн актыг хүргэж, төрийн хууль тогтоомж, шийдвэрийг  уншиж судлах, дагаж мөрдөх боломжийг олгоход  анхаарч, Монгол Улсын Үндсэн хуулийг мөн брайл, кирилл хос үсгээр хэвлэн гаргасан байдаг.

Хүүхдийн эрхийн тухай конвенцод оролцогч улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмуудын дагуу нийгмийн бүх гишүүдийн угаас заяасан нэр төр, тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дахинд эрх чөлөө, шударга ёс, энх тайвныг хангах  үндэс болно гэж үзэж, Нэгдсэн Үндэстний ард түмэн дүрэмдээ хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, үнэ цэнэд итгэдгээ нотолж, нийгмийн дэвшлийг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд илүү эрх чөлөөтэйгээр дэмжлэг үзүүлэх саналтай байгаа зэргийг анхаарч хүүхдийн эрхийн талаар хэлэлцэн тохирсон байна. Тухайлбал, оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчилахгүй энэхүү конвенцод заасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана. Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.

Мөн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна. Хүүхдийг халамжлах, хамгаалах үүрэг бүхий газар, алба, байгууллагыг аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт, ялангуяа ажилчдын орон тоо, чадавхид хяналт тавих үүднээс эрх бүхий байгууллагаас тогтоосон жишигт нийцсэн нөхцөлөөр хангана. Оролцогч улсууд энэхүү Конвенцод хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоох, захиргааны болон бусад бүх арга хэмжээг авна. Түүнчлэн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэх арга хэмжээг нөөц бололцоондоо тулгуурлаж дээд зэргээр ашиглах, шаардлагатай бол, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд  авах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ