

Манай улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколд нэгдсэн орж, улмаар урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бий болгосон. Тогтмол хяналт бүхий урьдчилан сэргийлэх үүргээ хараат бус, бие даасан байдлаар гүйцэтгэж, нийгэмд тулгамдсан асуудлыг тухай бүрд шуурхай шийдвэрлэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж, хугацаа алдалгүй тайлан, мэдээллээ ирүүлж байгаа нь талархууштайг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдрийн уулзалтаар онцолсон юм.
Тэрбээр, Монгол Улс дахь эрүүдэн шүүхийн эсрэг үндэсний үйл ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороотой тогтмол холбоотой байж, хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэн, сайн ажиллаж байна хэмээн дүгнэж буйгаа Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд илэрхийллээ. Мөн цаашид манай улсад тулгамдаж буй асуудал буюу төрийн үйл ажиллагаа, хандлагаас үүдэлтэй зүй бус харилцаа, үйлдлээс улбаалан хүний эрх зөрчигдөх явдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг захив. Ялангуяа эрүү шүүлт бол эрүүгийн гэмт хэрэг гэдгийг анхааруулж сануулах чухал гэдгийг онцолсон юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэвлэн нийтэлнэ.” гэж заасны дагуу өнөөдөр /2026.03.20/ Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт өргөн мэдүүллээ. Энэ жилийн тайланд өмнөх гурван тайланд илтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, биелэлтийг харьцуулан дүгнэж, хараат бус, бие даасан чиг үүргийнхээ хүрээнд тодорхой саналуудыг хавсаргаснаараа онцлогтой хэмээн Я.Цэлмэн гишүүн тайлбарлав.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцооныхоо хүрээнд өнгөрсөн онд улсын хэмжээнд 55 335 хүнд сургалт явуулж, хүний эрхийн нарийн мэргэшлийн сургагч багш 1100-г бэлтгэжээ. Түүнчлэн эрх чөлөөгөө хязгаарлуулсан 2082 иргэнээс асуумж авч, 65 газарт хяналт шинжилгээ хийж, 469 хүнтэй ганцаарчилан уулзаж, хууль зүйн зөвлөгөө өгч, тусламж үйлчилгээ үзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон хууль сахиулах байгууллагын алба хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газрын ажилтан, төрийн албан хаагчдын төлөөлөл 425 хүнээс асуумж авч, эрүү шүүлт тулгах, зүй бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх зөрчигдсөн талаарх 61 гомдол мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн талаар тайланд тусгажээ.
Энэхүү тайланг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах зохицуулалттай гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.