Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 22 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр (2026.03.23) Дархан-Уул аймагт ажиллаж “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус аймгийн хувьд тусгай зөвшөөрлийг 28 төрлийн үйл ажиллагаанд, энгийн зөвшөөрлийг 10 төрлийн үйл ажиллагаанд олгодог бөгөөд зөвшөөрөл олгохтой холбоотой үүсдэг асуудал, хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн хэмжээнд зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага, хуулийн этгээдээс гадна зөвшөөрөл эзэмшигч, хүсэлт гаргагч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцон өнөөгийн байдлыг илтгэж, санал, хүсэлтээ илэрхийлэв.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис хуулийн төслийг танилцуулж, зөвшөөрлийн тоог цөөрүүлж, улмаар бизнесийн орчин дахь хүнд суртлаас чөлөөлөх бодлого, санаачилгын талаар мэдээлэл өгсөн.
Харин Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин, төрөөс олгож буй аливаа зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээдэд аль болох ил тод, түргэн шуурхай хүргэх чиглэлд ажлын хэсэг анхаарал хандуулж, олон нийтээр хэлэлцүүлж, санал авч байгааг онцоллоо.
Мон
English