Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас бараалхлаа

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид өнөөдөр /2026.03.24/ Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.


Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж энэхүү харилцааг улам бүр бататгаж, бүх салбарт өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов.


Тэрбээр, Монгол Улсын гуравдагч хөрш, Европын Холбооны гишүүн Люксембургийн Их Гүнт Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа манай улс чухал ач холбогдол өгдгийг онцолж, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг үнэт зүйлд суурилсан хоёр орны найрсаг харилцаа 50 жил идэвхтэй өрнөснийг тодотгов.


Түүнчлэн энэхүү айлчлал Монгол, Люксембургийн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар Монгол Улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа зүрх судасны эрүүл мэндийн чиглэлээр сүүлийн 24 жилийн туршид 5 үе шат бүхий нийт 106.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Зүрх судасны төв” төслийг санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа юм.


Уулзалт хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар өрнөж, цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал нэгдлээ.


Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас “Зүрх судасны төв” төслийг амжилттай хэрэгжүүлж, цаашид энэ төслийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Уулзалтад Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад хавсран суугаа Элчин сайд Л.Болд нар оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээ