Цэс

Холбоо барих

“Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын даргын 2026 оны 20 дугаар захирамжаар байгуулагдсан Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.03.26/ “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүй зохицуулалтын өнөөгийн байдал, шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаясгалан удирдан чиглүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Г.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар оролцов.


Хэлэлцүүлгийн эхэнд “Усны нөөцийн өнөөгийн байдал, хомсдолын эрсдэл”-ийн талаар Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Батбаяр мэдээлэл хүргэлээ. Тэрбээр, жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Монгол орны усны нийт нөөцийн хэмжээг зарладаг. Манай улсын усны нийт нөөцийн хэмжээ энэ жил 596 км.куб байна. Үүнээс 532 км.куб нуурр байна. Үүний 70 хувь нь Хөвсгөл нуур учраас зайлшгүй анхаарах шаардлагатай гэлээ. Бид нуурын уснаас ашиглалт хийдэггүй. Зөвхөн хүний гараар бүтээсэн Гэгээн нуураас ус ашигладаг. 44 км.куб байсан мөнх цас хоёр дахин буурч 19.4 км.куб болсон. Нийт усны нөөцийн 2 хувийг газрын доорх ус эзэлж байгааг мөн дурдлаа. Түүнчлэн улсын хэмжээнд 342 газрын доорх усны хяналт шинжилгээний цэг ажиллаж байгаа бөгөөд Монголын мянганы сорилтын сангийн дэмжлэгээр Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрт байгаа газрын доорх усны хяналт шинжилгээний 61 цэгийг засварлахаар төлөвлөсөн гэв.


Үүний дараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням усны салбарын эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулав. Усны тухай хуулийн төсөлд гадаргын болон газрын доорх уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоох, газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглох гэсэн заалтууд тусгагдсан талаар онцолж, ус ашиглах журам баталснаар усны нөөцийн хомсдол, түүний түвшин, экологи-эдийн засгийн үнэлгээ, ус ашиглах дээд хязгаар, төлбөр тооцоо зэрэг мэдээллийн ил тод байдлыг бий болгосон гэлээ. Мөн орхигдсон цооногийг сум, дүүргийн Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэн буруутай этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулна гэж зааж, хариуцлагын хэмжээг илүү тодорхой болгож өгчээ. Усны тухай хуулийн 22.9 дэх заалтын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу шийдвэрлэхээр ойлгогдож байгаа бөгөөд Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу 200 метрээр тогтоосон нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасны дагуу Аймаг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тогтоох эрх үүрэгтэй зөрчилдөхөөр харагдаж байна. Үүнээс болж давхардсан хамгаалалтын бүс тогтоодож, мөн хамгаалалтын бүс тогтоогдоогүй газар дээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүд шинээр олгогдож байгаа талаар дурдлаа.


Мөн энэ үеэр хөдөө, аж ахуйн салбарын усан хангамжийн тулгамдсан асуудлын талаар ярилцсан. Салбарын яамны Газар тариалангийн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Х.Кенжегүл Хүнс, хөдөө, аж ахуйн сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн  засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам”-ыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүчингүй болсонтой холбогдуулан хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийн арга хэмжээг хэрэгжүүлэх, орон нутгийн төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар шинэ худаг барьж байгуулах ажлыг зохион байгуулах эрх зүйн зохицуулалтгүй болсон гэлээ.


Хэлэлцүүлэг ус ашиглалтын зөвшөөрөл, төлбөрийн тогтолцооны асуудал, ус бохирдуулагчид хүлээлгэх хариуцлагын талаар үргэлжилсэн бөгөөд дээрх танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, холбогдох албаныхнаас хариулт авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээ