Улсын Их Хурлын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.03.27/ хуралдлаа.
Хурлыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Алдаржавхлан чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Н.Батсүмбэрэл, Н.Наранбаатар, Ж.Алдаржавхлан, З.Мэндсайхан, П.Сайнзориг болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн, Сангийн, Эрчим хүчний яамдын төлөөлөл оролцлоо.
Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн дарга Б.Ганзориг гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төслийн талаар танилцуулсан бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 9 орчим хувь өсөх төсөөлөлтэй байгааг тодотгов. Түүнчлэн засгийн газрын гадаад зээлийн ашиглалтыг задалбал 1990-2009 онд 16.4 их наяд төгрөгөөр 139 төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. 2014-2030 онд 5.3 их наяд төгрөгөөр 72 төсөл хэрэгжиж байна. Тодруулбал, 2010-2024 онд эдийн засгийн өсөлтийг даган авах зээлийн хэмжээ нэмэгдэж, хот, хөдөөгийн хөгжил, дэд бүтэц, гэр хорооллыг орон сууцжуулах, зам тээвэр, эрчим хүч, цэвэрлэх байгууламжийн ажлууд хийгдсэн байна. Харин 2025-2030 онд томоохон болон стратегийн ач холбогдол бүхий мега төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн тэрбээр гадаад зээл, тусламжийн төслүүдийн төсөвт тусгагдаж буй ашиглалтын дүнг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болсон талаар танилцуулгадаа дурдав. Мөн гурван төсөл тутмын нэг нь хугацаа сунгадаг, нэг төслийн хэрэгжих дундаж хугацаа нь 5 жил болж, 1-2 жилээр уртассан гэв. Ашиглаагүй үлдэгдлийн болон хүүгийн төлбөр нэмэгдэж, зардал өсөх, эдийн засагт үзүүлэх үр нөлөө хүлээгдэх, хөгжлийн зорилтуудын биелэлт хойшлох болон худалдан авах ажиллагаа удаашрах, нэмэлт ажил үүсэх эсвэл төслийн бүтцийг өөрчлөх, ашиглалт бага батлагдах зэрэг тулгамдсан асуудал бий гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English