Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.03.27) нэгдсэн хуралдаан оройн 20:28 цагт гишүүдийн 54.8 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ.
Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир уншиж танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар, дэлхий нийтийн өмнө нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хямралт байдалтай давхцуулсан улс төрийн энэхүү гацаа, түгжээнд зарцуулах нэг өдөр байтугай нэг минут ч манай улсад байхгүй гээд, энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж алба нтушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаа дурджээ.
Ерөнхий сайдын хүсэлтийг хүлээн авч, үүрэгт ажлаас чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Г.Занданшатарыг томилох нь зүйтэй үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Ж.Чинбүрэн, Д.Рэгдэл, Р.Батболд, С.Замира, Н.Батсүмбэрэл, С.Бямбацогт, У.Отгонбаяр, Т.Доржханд нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Ерөнхий сайд Г.Занданшатараас асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын үйл ажиллагаанд гадаад болон дотоод хүчин зүйлүүдээс шалтгаалсан сорилт, бэрхшээл, тэдгээрийг даван туулах үүднээс авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, улстөрийн манлайлал, цаашид зайлшгүй хийж хэрэгжүүлэх ёстой арга хэмжээ, Рио Тинто компанитай явуулж буй хэлэлцээ, түүний ахиц алхмын талаар асууж, дараагийн шинээр томилогдох Ерөнхий сайдад өгөх зөвлөмжийг асууж байлаа. Мөн дэлхий дахины эдийн засаг, геополитикийн хямралт байдлын нөлөө, эрүүл мэнд,боловсролыг салбарт явуулсан бодлого, түүний үр дүн, хэрэгжилт, ноолуурын дуудлага худалдааны өгөөж, COP17 хурлын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа зэрэг олон асуулт асууж, дэлгэрэнгүй хариулт авсан юм.
Хэлэлцэн буй асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн Улсын Их Хурлын гишүүд улс төрийн нөхцөл байдал, дарамт шахалтаас болж Засгийн газар огцорч байгаад харамсаж байгаагаа дурдаж, богино хугацаанд бодитой үр дүн гарган, идэвх зүтгэлтэй ажилласанд нь Ерөнхий сайд Г.Занданшатар, түүний танхимын гишүүдэд талархал дэвшүүлсэн юм. Олон улсын байдал ээдрээтэй, дэлхийн эдийн засаг хямралтай энэ үед Засгийн газрыг огцруулж байгаа нь оновчтой шийдэл биш гэдгийг тэд илэрхийлж, улс төрийн хийрхэл, парламентын зогсонги байдлаас гаргахын тулд эр зориг гарган, манлайлал үзүүлж буйд нь баяр хүргэж байлаа.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга Н.Учрал товч үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар есөн сарын богино хугацаанд ажиллахдаа нүүрсний экспортыг гурав дахин нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг 6.8 хувьд хүргэж, улсын төсвийг 2.3 их наяд төгрөгөөр танаж, гадаад валютын нөөцийг түүхэнд анх удаа 7.1 тэрбум ам.долларт хүргэсэн олон бодит үр дүнтэй ажлуудыг манлайлж хэрэгжүүлснийг нь дурдаад, албан тушаалаас илүү эх орон ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, парламентын гацааг тайлж, Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, хууль бус ажил хаялтыг зогсоох төрийн хүний зангараг, ноён нурууг харуулсан таны энэхүү үйлдэл цаашид улс төрийн ёс зүйн үлгэр дуурайл болж түүхэнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Ингээд тэрбээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны удирдлагыг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд шилжүүлэв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ дэлхийн дэг журам ганхаж, геополитикийн хурцадмал мөргөлдөөн, хямралын ирмэгт тулсан амаргүй цаг үе нүүр тулж буйг сануулан, ийм үед бид дотооддоо талцах биш, дэлхийн шуургыг хамтдаа сөрөн зогсох ёстой гэсэн юм. Улс төрийн талцал, төрийн шийдвэргүй байдлын хүнд ачааг ард иргэд үүрч байгааг дурдан, эрх мэдлийн шунал, намын хуваагдал төрийн хямрал, дэлхийн шившиг болж байна гэлээ. Энэхүү ёс зүйн уналтыг зогсоохгүй бол улс төр өөрөө ард түмний эсрэг систем болж хувирна гэдгийг тэрбээр анхааруулав.
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын зорилт, түүний биелэлтийг илэрхийлсэн тоо баримтыг товч танилцуулж, Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрд буцаан авч, өгөөжийг нь ард түмэнд хүртээх ажлыг эхлүүлэн, “Оюут” шинэ ордоос 357 сая тонн зэсийн нөөц илэрснээр Эрдэнэт үйлдвэр ирэх зуун жил тогтвортой ажиллах бат бөх суурь тавигдсан, Эрдэнэс Монгол нэгдэл 12.8 их наяд төгрөгийн орлого, 4.5 их наяд төгрөгийн ашиг, 4.0 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн зэрэг тодорхой ажлуудыг онцлон тэмдэглэв. Мөн Бортээгийн ордыг ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлж, Монголын өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх нөхцөлөөр олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад долоон компани хөрөнгө оруулахаар хүсэлтээ ирүүлж, 500 саяас нэг тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн санал тавьж буйг танилцуулав.
Эцэст нь тэрбээр, би явж болно, харин шударга үнэний төлөөх тэмцэл хэзээ ч зогсохгүй. Энэ чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж, Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна гэлээ.
Түүний хүсэлтийг хүлээн авч, үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжих тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 74.0 хувь нь дэмжив. Санал дэмжигдсэн тул Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас Г.Занданшатарыг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсан тооцлоо.
Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын ИхХурлын тогтоолыг уншиж сонсгов. Тогтоолд Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх, Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг даалгахаар зааж, өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English