Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 750 гаруй төлөөлөгч “Чөлөөлье, Цэгцэлье, Төлөөлье” уриан дор чуулж байна. Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал оролцож, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг хангах эрх зүйн орчныг бий болгох нь “Чөлөөлье” санаачлагын гол үзэл санаа юм гэдгийг тодотгов. Энэ хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэлээ.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, төлбөрийн чадваргүйдлын тухай хууль, арилжааны тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн гэв.
Мөн төр хувийн хэвшлийн байгууллагуудтай өрсөлдөхгүй байхыг баримталж, эрүүл, чөлөөт зах зээлийг бодлогоор дэмжиж, бизнес эрхлэгчид, дотоодын аж ахуй нэгжүүдэд ээлтэй татварын орчныг бүрдүүлэхийг чухалчилсан хуулийн төслүүд хүлээгдэж байгааг онцолсон. Түүнчлэн энэ цаг үед ард иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах бодлого нэн чухал байгааг дурдаад Улсын Их Хурлаас баталсан тогтоолыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн шинэчлэлийн ажлууд хийх шаардлагатай байна гэлээ.
Энэхүү арга хэмжээнд оролцож буй иргэдийн өөрөө удирдах төлөөллийн байгууллагад сонгогдон ажиллаж байгаа 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн төлөөлөгчид нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, шийдэл эрэлхийлж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English