Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 126 гишүүний 88 нь хүрэлцэн ирснээр 10 цаг 11 минутад гишүүдийн 69.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, эхлээд Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.


Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа уг хүсэлтийг хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гарсан тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтыг удирдлага болгон Монгол Улсын Их Хурлын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа танилцуулжээ.


Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өөрийнх нь хүсэлтийг шийдвэрлэхээр ил санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд олонх дэмжсэн хэмээн Ц.Сандаг-Очир гишүүн танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Парламент бол ахмад, дунд, залуу үе гэсэн гурван цагийн хэлхээс дээр ажилладаг хэмээн Б.Пүрэвдорж гишүүн хэлээд “Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлыг Н.Учрал гишүүн сайн хийсэн гэж би үздэг. Энэ бүхнээс харахад парламент нь эрэмбэ, туршлагад тулгуурлдаг болохыг манай гишүүд ойлгож, анхаарч ажиллах ёстой. Та бүхэн парламентын үйл ажиллагааг тогтвортой байлгах үүднээс дараагийн удаа туршлагатай хүнээ урт хугацаанд ажиллуулахаар сонгоорой” гэв.


Олон намын төлөөлөл бүхий парламентыг төв байр суурьтай, улс төрийн намын дотоод улс төрөөс ангид, бие даасан спикертэй байлгах тухай үзэл санаа 1992 оны Үндсэн хуулийг батлахтай зэрэгцэн яригдсан гэдгийг Х.Тэмүүжин гишүүн дурдав. Өдгөө бүх улс төрийн нам, эвсэл энэхүү үзэл санааг дэмжиж байгааг тэмдэглээд “Парламент дотроо намууд нь бодлогын түвшинд чөлөөтэй мэтгэлцдэг, байр сууриа ярилцдаг, улс орны нэгдсэн асуудал дээр ойлголцож чаддаг, үзэл санаа, бодлогын зөрүү гарвал түүнийхээ үндэслэлийг тодорхойлоод, байр сууриа хатуу хамгаалдаг парламент байх юм бол Монгол Улсын шийдвэр гаргалт сонирхлын зөрчилгүй, зөв, харилцан хяналттай болох юм” гэв.

Улсын Их Хурал өнөөдөр түүхэн шийдвэр гаргах гэж байгааг тэрбээр тодотгоод “Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлдэг гол хэмжүүр бол парламентын засаглал. Хэнээс ч хамааралгүй шийдвэрээ гаргаж чаддаг энэ институц ямар нэгэн хямралгүй, төвийг сахисан, аливаа улс төржилтөөс ангид спикертэй байх юм бол Монгол Улсын төр "салхи" дагаж хямардаг биш, "салхи" сөрж зогсдог ноён нуруутай “уул” шиг л болно. Энэ том өөрчлөлт рүү бид алхаж байна” гэв. Улсын Их Хурлын дараагийн даргыг сонгохдоо ижил эрх бүхий 126 гишүүний дотоод үйл ажиллагаагаа эмхлэх спикерийг сонгох учир Монгол Улсын Үндсэн хуулиа баримтлан, үзэл санаанд нь нийцүүлэхийн чухлыг тэмдэглэж байлаа. 


Дараа нь Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэлэв.

“Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэндээ төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдлийг удирдах өндөр хариуцлагатай албанд итгэж, дэмжиж ажиллуулсанд талархаж байна. Хэдий богино хугацаа ч гэсэн парламентын дархлааг бэхжүүлэх, парламентын үйл ажиллагаанд дэвшилтэт технологи ашиглах шилжилтүүдийг хийхэд анхаарч ажилласны үр дүнд ахиц гаргалаа.

Улс төрийн таван нам, эвслээс бүрдсэн парламентын дарга нь төв байр суурьтай, олон талын оролцоог хангаж, парламентын гишүүдийнхээ эрүүл, ухаалаг мэтгэлцээнийг өрнүүлэх, олон ургалч үзэл бодлыг уралдуулах бололцоог бүрдүүлэх үүргийг хүлээдэг. Ийм учраас өнгөрсөн хугацаанд парламентын гишүүдийнхээ дуу хоолой, оролцоог хангах чиглэлээр санаачилгатай ажиллахыг хичээсэн.

Сөрөг хүчний зүгээс улс төрийн таван нам, эвслээс бүрдсэн парламентыг аль нэг улс төрийн нам, эвслийн дарга удирдах нь зохимжгүй гэдэг шаардлагыг тавьсан. Үүнийг Монгол Ардын нам эрүүлээр хүлээж авч, ярилцаад улс төрийн шийдвэрээ гаргасан. Ингээд парламентын үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой явуулах, парламентын дархлааг хадгалан хамгаалах, улс орон, нийт ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавих үүднээс гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.


Цаашид Улсын Их Хурал дахь олонхын бүлэг парламентын даргаа нэр дэвшүүлнэ. Улсын Их Хурал олонхоороо шийдвэрлээд, дараагийн парламентын даргыг сонгох нь зөв жишиг болж үлдэнэ гэж бодож байна. Улс төрийн намын дарга хэдий ч парламентын даргын индрээс аль нэг улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөр, зорилго, зорилтыг тунхаглахаас илүүтэйгээр Та бүхний дуу хоолойг оролцуулж, ажлын хэсгүүдэд ч Улсын Их Хуралд суудалтай бүх нам, эвслийн төлөөллийг оролцуулж, Та бүхний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй мэтгэлцэх эрх чөлөөг хангуулахын төлөө хичээнгүйлэн ажилласан гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Парламентын даргаар ажиллах хугацаанд дэмжиж тусалж, өндөр хариуцлага оногдуулж, хамтарч ажилласан Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.


Ийнхүү Улсын Их Хурлын даргыг үг хэлсний дараа санал хураалт явуулсан. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 101 гишүүний 81 нь буюу 80.2 хувийн саналаар дэмжсэн. Иймд Улсын Их Хурлын холбогдох тогтоол батлагдсанд тооцож, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ эцсийн найруулгыг танилцуулсан юм.


Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.2.1 дэх заалт, 12.3 дахь хэсэг, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхөөр, Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Монгол Улсын Их Хурлын даргын албан үүргийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ гүйцэтгэж байхаар, тогтоолыг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байна.


Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээ