Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.03.23-29)

Байнгын хорооы хуралдаан: 


    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулж, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 84.2 хувь нь дэмжлээ... https://www.parliament.mn/nn/76888/

 


Чуулганы нэгдсэн хуралдаан:


    Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан ирц хүрээгүй учир хойшиллоо. Улсын Их Хурлын дарга Н.Учрал ирц хүрээгүй учир чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдэн үг хэлэхдээ, хууль тогтоох байгууллага өөрөө хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлан ажиллах ёстойг сануулав... https://www.parliament.mn/nn/76881/

 

    Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар санал хураалт явагдаж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 74.0 хувь нь чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив... https://www.parliament.mn/nn/76890/

 


Хэлэлцүүлэг: 


    Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарын мэргэжилтнүүд ус ашиглалтын зөвшөөрөл, төлбөрийн тогтолцооны асуудал, ус бохирдуулагчид хүлээлгэх хариуцлага зэрэг өргөн хүрээтэй сэдвээр илтгэл хэлэлцүүллээ... https://www.parliament.mn/nn/76876/

 

    Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг боллоо. Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан хэлэлцүүлэгт салбарын яам болон холбогдох төрийн, төрийн бус байгууллага, салбарын эрдэмтэн, судлаачид, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл нийт 176  хүн оролцож, төслийг тал бүрээс нь хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/76883/

 

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 750 гаруй төлөөлөгч “Чөлөөлье, Цэгцэлье, Төлөөлье” уриан дор чууллаа. Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал оролцож, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо танилцуулахдаа, “Төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай өрсөлдөхгүй байхыг баримталж, эрүүл, чөлөөт зах зээлийг бодлогоор дэмжинэ” гэлээ... https://www.parliament.mn/nn/76891/

 


Айлчлал: 


    Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 дугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчиллаа. Айлчлалынхаа хүрээнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзаж, хэлэлцээ хийв. Түүнчлэн, айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудтай уулзалт хийлээ... https://www.parliament.mn/nn/76871/, https://www.parliament.mn/nn/76862/

 


    Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчиллаа. Айлчлалынхаа хүрээнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй уулзалт хийж,  Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид бараалхав. 

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар Монгол Улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа зүрх судасны эрүүл мэндийн чиглэлээр сүүлийн 24 жилийн туршид 5 үе шат бүхий нийт 106.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Зүрх судасны төв” төслийг санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд төлөөлөгчид тус төслийн явцтай танилцлаа...  

https://www.parliament.mn/nn/76868/, https://www.parliament.mn/nn/76869/, https://www.parliament.mn/nn/76882/

 


Ажлын хэсэг:


    Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож, татварын багц хуулийн төлсүүдтэй холбоотой гишүүдийн асуултад хариулав...  https://www.parliament.mn/nn/76859/

 

    “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг Дархан-Уул аймагт ажиллаж зохион байгууллаа. Тус аймгийн хувьд тусгай зөвшөөрлийг 28 төрлийн үйл ажиллагаанд, энгийн зөвшөөрлийг 10 төрлийн үйл ажиллагаанд олгодог бөгөөд зөвшөөрөл олгохтой холбоотой үүсдэг асуудал, хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/76863/

 

    Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав. Ажлын хэсэг гадаад харилцааны яамаар дамжуулан 27 улсын эрх зүйн орчны сайн туршлагыг судалсан байна... https://www.parliament.mn/nn/76866/

 


    Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах шаардлагатай хэд хэдэн суурь асуудлыг ажлын хэсгийн ахлагч тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/76872/

 

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн даргын зүгээс гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төслийн талаар танилцуулсан бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 9 орчим хувь өсөх  төсөөлөлтэй байгааг тодотгов... https://www.parliament.mn/nn/76886/

 


Сургалт:


    Улсын Их Хурлын Тамгын газраас парламентын гишүүдийн албан хэрэгцээнд зориулсан e.parliament.mn платформыг хэрэглээнд нэвтрүүлж байгаатай холбогдуулан шинэ платформыг гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгчдөд танилцуулах сургалт боллоо. Тус платформ нь Улсын Их Хурлын гишүүдийн ирц, санал хураалт, хуралдааны тов, өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл, ажлын хэсгийн оролцоо, идэвх зэргийг нэгтгэн мэдээлэхийн зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засгийн статистик болон бусад мэдээллийг бодит цагийн горимоор хүлээн авч ашиглах боломжтой юм байна... https://www.parliament.mn/nn/76860/

 


Төрийн мэдээлэл: 


    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 12 дахь дугаар хэвлэгдлээ. Тус дугаараас Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолуудыг  нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Эдгээр шийдвэрүүд нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой юм... https://www.parliament.mn/nn/76880/

 


Иргэд Төрийн ордонд:


    Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцахаар энэ өдрүүдэд 846 хүн зорин иржээ. Нийслэл болон орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, сургалтын менежерүүд, оюутнууд, хот хоорондын нийтийн тээврийн автобусны жолооч нар, төрийн албан хаагчид, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцан, Төрийн ордны түүх, төрийн бэлгэдлүүдийн талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлжээ. Мөн Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны иргэд зэрэг гадаад иргэд Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцсан байна.


УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хуваалцах:

Холбоотой мэдээ