Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2026.03.30) хуралдаан 13 цаг 41 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааны ирцийг гишүүний нэрээр танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Бямбацогт, Т. Доржханд, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Б.Хэрлэн, Ө.Шижир, Л.Энх-Амгалан нар хүрэлцэн ирснээр 59.4 хувийн ирцтэйгээр хуралдсан.
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ” гэж заасан байдгийг Байнгын хорооны дарга танилцуулсан. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нарын 4 гишүүнээс 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхийг санал хураалтад оролцсон 19 гишүүний 63.2 хувь нь дэмжлээ.
Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэх санал хураалтад оролцсон гишүүдийн 68.4 хувь буюу 13 гишүүн дэмжив. Мөн энэ сарын 18-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хууль (Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхийг, мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 13 нь буюу 68.4 хувийн саналаар тус тус дэмжлээ.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь буюу 14 гишүүн дэмжсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нарын 2026 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхийг 14 гишүүн 73.7 хувийн саналаар дэмжсэн.
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй дээрх хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English