Цэс

Холбоо барих

Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг салбарын төлөөллөөр цувралаар хэлэлцүүлж эхэллээ


“Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг I” энэ удаа ойн салбарын эрдэмтэн судлаачид, ойн чиглэлээр тогтвортой судалгаа хийж байгаа мэргэжлийн байгууллагууд, мод үржүүлэг, агро ой эрхлэгчдийн хүрээнд боллоо. Эл хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын даргын 523 дугаар захирамжийн хүрээнд байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр /2026.03.30/  Төрийн ордны “Их засаг” танхимд зохион байгуулав. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Э.Болормаа, М.Ганхүлэг, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Ц.Туваан, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.


Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, ажлын дэд хэсгээс анх уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахаар ажилласан бөгөөд улмаар 50 хувиас дээш өөрчлөлт орсон тул төслийг шинэчилсэн найруулга  болгосон гэдгийг онцлон тэмдэглэв.  

Үргэлжлүүлэн ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ гишүүн Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрбээр төслийн үзэл баримтлал, зорилт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиас ялгаатай болон онцлог тал, шинээр зохицуулсан өөрчлөлт, харилцаа,  нэр томьёо, зарчмын талаар хөндөн ярив. Уг төсөл нь 12 бүлэг, 59 зүйлтэй аж.  Энэхүү хуулийн төсөл нь ойг зөвхөн “модны нөөц” гэж бус экосистем, орон нутгийн амьжиргаа, эдийн засгийн эргэлт, уур амьсгалын үнэ цэнтэй нэгдсэн баялаг гэж харж байгаа нь хамгийн чухал үзэл баримтлал гэдгийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.


Мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ойн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа аж. Харин шинэчилсэн найруулгын төслийн зорилт нь ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахын зэрэгцээ экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдал, эдийн засгийн үр өгөөж, орон нутгийн оролцоог уялдуулахад чиглэсэн байна.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль ойн санг хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ой гэж ангилдаг байсан бол эл төсөлд "тусгай зориулалтын ой" гэсэн гурав дахь ангиллыг нэмж, генетик нөөц, судалгаа, сургалт, хот суурин газрын ногоон бүс буюу ой, түүх-соёлын ач холбогдолтой ойг тусгай дэглэмтэй болгон тусгажээ. Түүнчлэн төсөлд улсын, аймаг/нийслэл, сум, эзэмшлийн ой, гэрээт менежмент гэсэн бүх түвшинд төлөвлөгөөтэй, уялдаатай, тайлагналтай байхаар системчилсэн байна. Зөвшөөрөл, гэрээ, ангилал, ашиглалт, нөхөн сэргээлт, нүүрстөрөгч, зөрчил, тайлан бүгдийг багтаасан олон нийтэд ил тод, цахим нэгдсэн систем болгон хөгжүүлнэ. Мөн экосистемийн үйлчилгээ, ойн эдийн засаг, био-эдийн засаг, нүүрстөрөгчийн шингээлт, нүүрстөрөгчийн нэгж, нүүрстөрөгчийн төсөл гэх мэт орчин үеийн зах зээл, уур амьсгалын бодлоготой уялдсан өөрчлөлтүүд туссан хэмээн танилцуулгад дурдсан байлаа. Хуулийн төслийн онцлог, давуу талыг доорх зурагнаас харна уу.



Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь ойг зөвхөн ашиглах нөөц биш, харин хамгаалалт, нөхөн сэргээлт, экосистемийн үйлчилгээ, нүүрстөрөгчийн үнэ цэнэ, орон нутгийн амьжиргаа, ил тод цахим менежментийг нэгтгэсэн хөгжлийн нөөц гэж тодорхойлж байгаагаа дурдав. Түүнчлэн ойтой нутгийн иргэд, ойн нөхөрлөл, хоршооны оролцоо, ашиг хүртэх боломжийг бодитоор нэмэгдүүлж, самар, дагалт баялаг, нүүрстөрөгчийн орлого, гэрээт менежмент зэрэгт орон нутгийн эрх ашгийг илүү хамгаалсан нь энэ төслийн хамгийн том давуу тал гэж байлаа. Шинэчилсэн найруулгын төсөл нь ойг хамгаалахаас гадна орон нутгийн оролцоотой, эдийн засгийн үнэ цэнтэй, шинжлэх ухаанд суурилсан ногоон хөгжлийн хууль болно гэж хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ дүгнэж байлаа.

Дараа нь Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б. Ганзориг хуулийн төслийн бүлэг, заалт бүрийн агуулгыг хэлэлцүүлэгт оролцогчдод товч танилцуулсан. Тэрбээр хуулийн төсөлд “Ойн нөөцийн өмчлөл, эзэмших, ашиглах эрх” гэсэн дөрөвдүгээр зүйл шинээр тусгахын зэрэгцээ “Ойн эдийн засаг” гэсэн бүлэг шинээр нэмсэн гэж байлаа.


Хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, танилцуулгын хүрээнд оролцогчид асуулт асууж, санал хэлж, чөлөөт ярилцлага өрнүүлэв. Тэд  хуулийн төсөлд ойн дагалт баялгийг ашиглахад тусгай зөвшөөрөл авах эсэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийг төрийн бодлогоор дэмжсэн зохицуулалт байгаа эсэхийг илүүтэй тодруулж байлаа. Мөн төсөлд төрийн бус байгууллагын оролцоог дэмжсэн тодорхой заалт оруулах, хуулийн төслийн үзэл баримтлалд эдийн засаг болон хяналтын механизмыг тусгах саналыг гаргасан. Түүнчлэн хуулийн нэр томьёоны хэсэгт агро ойн тодорхойлолтыг нэмэх, хуулийн үйлчлэх хүрээг нарийвчлан тусгах, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмаар төр-хувийн хэвшлийн түншлэл хэсэгт энэ талаар тодорхой зохицуулалтыг оруулах нь зүйтэй зэргээр байр сууриа илэрхийлэв.


Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх  дараагийн хэлэлцүүлэг салбарын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн хүрээнд ирэх сарын 01-ний өдөр болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээ