Цэс

Холбоо барих

Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо


Улсын Их Хурлын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны  2026 оны эхний хуралдаан өнөөдөр /2026.03.31/ Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Г.Лувсанжамц М.Энхцэцэг  буюу гишүүдийн 66.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын нэгжийн үйл ажиллагаатай танилцах, салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсов.

Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг танилцуулсан.


Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улс 2025 онд 847 мянга гаруй жуулчин хүлээн авч экспортын орлого 728 сая ам.доллар хүрчээ. Дотоодын жуулчдын зарцуулалт 2.6 их наяд төгрөгт хүрсэн ба нийт аялал жуулчлалын салбарын эдийн засгийн хэмжээ 5.2 их наяд төгрөг буюу 1.4 тэрбум ам.долларт хүрсэн нь аялал жуулчлал манай улсын эдийн засгийн чухал салбар болохыг баталж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын “World Tourism Barometer” тайланд жуулчдын тоогоор дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 20 орны жагсаалтын 15 дугаар байранд Монгол Улс эрэмбэлэгдсэн нь хамтын хүчин чармайлтын бодит үр дүн юм гэж байлаа.

Аялал жуулчлалын салбар нь хууль эрх зүйн хувьд Аялал жуулчлалын тухай хууль 2023 онд шинэчлэн баталж, Улсын Их Хурлын тогтоол 1, Засгийн газрын 95 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2025 оны байдлаар хууль эрх зүйн хэрэгжилт нийт 69.1 хувьтай байна гэв.  


Түүнчлэн салбарын яам бусад оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажилласны үр дүнд аялал жуулчлалын салбарыг шинэ шатанд гаргах ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэдгийг Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг мэдээлэлдээ онцолсон. Тухайлбал, Улсын аялал жуулчлалын бүс болон салбарын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэлийг тогтоох, олгох, бууруулах, хүчингүй болгохтой холбоотой журмыг шинэчлэн баталсан байна. Дөрвөн улирлын аялал жуулчлал зорилтын хүрээнд “Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар батлан хэрэгжүүлж байгаа аж.

Мөн Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаанд 2025 оны 11 дүгээр  сард Дархан-Уул аймагт “Цайны замын авто аялал” нээлтийг амжилттай зохион байгуулсан байна. Travel Platform хөгжүүлэлт эхлэхэд бэлэн болсны зэрэгцээ салбарын хүний нөөцийн хэрэгцээ шаардлага өндөр байгаа энэ цаг үед Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Аялал жуулчлалын сургалтын төвийн барилгыг хүлээн аваад байна. Цаашдаа тус сургалтын төвийн барилгыг түшиглэн Мэргэжлийн боловсролын сургалтын байгуулагыг албан ёсоор байгуулах бэлтгэл ажил хангагджээ.


Түүнчлэн шууд нислэгтэй газрын тоо нэмэгдэхийн зэрэгцээ Хөвсгөл аймаг олон улсын шууд нислэг хүлээн авсан байна. Мөн аялал жуулчлалын салбарыг хөнгөлөлттэй зээлийг энэ сараас олгож эхэлнэ хэмээн мэдээлэлд дурдсан байлаа.  

Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулах, татварын бодлогыг оновчтой болгож, салбарт дахин хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулах механизмыг бүрдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, авто зам, тээвэр, байршуулалтын үйлчилгээ болон жуулчдын сонирхлыг татах бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, үзмэрүүдийг сайжруулах,  байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, орон нутгийн иргэдэд бодит өгөөж хүртээх тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, салбарын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж, орон нутгийн бизнес болон ажлын байрыг дэмжихэд чиглэсэн бодлого гарган ажиллахад онцгойлон анхаарч байна хэмээн мэдээлэлд дурдсан байв.  

Үүний зэрэгцээ зорин очих газрууд руу чиглэсэн агаарын тээврийн дэд бүтэц, нисэх буудлуудыг олон улсын шаардлагад бүрэн нийцүүлэх, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, урсгалыг хурдасгах, авто замын дэд бүтцийг сайжруулах, байгаль орчинд ээлтэй, өвлийн улиралд ажиллах боломжтой жуулчны баазын тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үндэсний онцлогийг шингээсэн, жуулчдын сонирхлыг татах бүтээн байгуулалт, үзмэрүүдийг хөгжүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж. Иймд дээрх чиглэлүүдэд төвлөрөн бодлого, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийг уялдуулан ажиллах болно гэдгийг мэдээлэлд дурдсан байлаа.


Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд нэг жалганы цаана, наана  аялал жуулчны компаниуд бүгдээрээ жуулчны бааз барьдаг болохоор ашиг орлого тааруу.  Дээр нь үйлчлүүлэгч дутагдалтай тул үнээ нэмэхээс өөр аргагүй байдалтай байгааг дурдаад энэ асуудалд салбарын яам ямар арга хэмжээ, бодлого баримталж ажиллахыг лавлаж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн зээлийн талаар лавлахын зэрэгцээ арилжааны банкууд эзнээ олж аж ахуйн нэгжүүдэд зээл олгож буй эсэхэд хяналт тавих нь зүйтэй гэв.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын  сайд Ч.Ундрам “Засгийн газраас Монгол Улсын аялал жуулчлалын 17 бүсийг 12 аймагт анх удаа тодорхойлсон. Олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр энэхүү 17 бүсийнхээ аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна” хэмээн хариулав. Мөн тэрбээр “Монгол Улсаас хувийн хэвшлээ дэмжиж 6.0 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай, эхний жил нь үндсэн зээлээ төлөхгүй байх нөхцөлтэй зээлийг аялал жуулчлалын салбарынхаа аж ахуйн нэгжүүдэд олгохоор болсон. Салбарын яамнаас аялал жуулчлалын мэргэжлийн холбооддоо гишүүнчлэлтэй компанийн нэрсийг банкуудад хүргүүлсэн. Банкнууд эрсдэлээ хүлээх тул зээлийн хүсэлт өгсөн аж ахуйн нэгжээсээ хамгийн бага эрсдэлтэйг сонгож зээл өгөх байх” гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн. Түүнчлэн салбарын яамнаас  зээлийн шалгууруудыг багасгаж, аялал жуулчлалын дотоодын аж ахуйн нэгж байх, түүнд нь мэргэжлийн хоёроос багагүй хүн ажилладаг байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьсан гэв. Арилжааны банкуудад мэргэжлийн холбоодод гишүүнчлэлтэй компаниудын нэрсийг өгсөн учир нь аялал жуулчлалын салбарын нэрийг бариад бусад этгээд зээл авахаас болгоомжилсон хэрэг гэдгийг салбарын сайд хариултдаа онцолсон.


Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц оны эхний хоёр сарын байдлаар жуулчны тоо 33 хувийн өсөлттэй байгаа ч цаашдаа түлшний үнэ нэмэгдэх үед уг үзүүлэлт өсөх, эсвэл багасах талаар тодорхой судалгаа бий эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл эл салбарын хууль тогтоомжийг 2023 онд шинэчлэсэн хэдий ч цаашид сайжруулах, анхаарах асуудал байгаа талаар илүүтэй лавлаж байлаа.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам хариултдаа, Геополитикийн нөхцөл байдал шатахууны үнийн өсөлтөөс өмнө мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтраад энэ жил 1.0 сая орчим жуулчин хүлээн авах нь гэдэг тооцоо, судалгаа гаргасныг онцлоод гэвч ирэх сараас авиа компаниудын нислэгийн үнэ нэмэгдэж байгааг дурдав. Мөн Аялал жуулчлалын тухай хууль батлагдсанаас хойш таван жилийн дараа үнэлгээ хийх хэдий ч уг хууль аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг маш сайн бүрдүүлж өгсөн гэлээ.

Түүнчлэн тэрбээр энэ жил 250 орчим тэрбум төгрөгийн зээл гаргах боломжтой ч аж ахуйн нэгжүүдээс 800 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг банкуудад ирүүлсэн тул аялал жуулчлалын салбарын зээлийг үргэлжлүүлэх, ирэх жил зээлийн татаасыг нэмэгдүүлэхэд гишүүдээсээ дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэж байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ