Цэс

Холбоо барих

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн авснаар Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйл хүчингүй болоод байгаа юм. Тус зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

“Худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэргийн Эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрхэн өөрчлөх тухай асуудлаар өнөөдөр (2026.03.31) Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин удирдан явуулав. Тэрбээр хэлэлцүүлгийн хүрээг төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид, судлаачид, иргэд зэрэг талуудын байр суурийг сонсох, олон улсын хөгжлийн чиг хандлагыг судлах, Монгол Улсын шүүх, хуулийн практикыг харгалзах, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг задлан шинжлэх, улс төрийн болон бодлогын шийдвэрийн хувилбаруудыг хэлэлцэх гэсэн таван агуулгаар тодорхойлсон юм.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, С.Зулпхар, Б.Хэрлэн, С.Замира, Б.Тулга, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Хүний эрхийн үндэсний Комисс (ХЭҮК), Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ), Монгол Улсын Их сургууль (МУИС) зэрэг их, дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхний үе шатанд МУИС-ийн Үндсэн хуулийн эрхзүйн хүрээлэнгийн захирал Х.Сэлэнгэ, тус хүрээлэнгийн Эрхзүйн хүрээлэнгийн судлаач Т.Эмүжин нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийн асуулгын талаар, ХЗДХЯ-ны Эрх зүйн хэлтсийн дарга Г.Энхтөр Монгол Улсад худал мэдээлэлтэй холбоотой эрх зүйн цоорхой ба боломжит зохицуулалтын загварын талаар, МСНЭ-ийн хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа худал мэдээлэл тараах гэмт хэрэг ба хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчийн эрхийн баталгаа сэдвээр, Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн зөвлөх, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор М.Хатанзориг худал мэдээлэл тараах гэмт хэргийн шүүхийн практикийн тухай, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал Т.Золбоо хүний нэр төрийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт сэдвээр тус тус илтгэл тавьж, танилцуулга хийлээ.

Илтгэл, танилцуулга хийсэн эрдэмтэн судлаачид, холбогдох байгууллагын төлөөллөөс хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ өөр өөрийн байр суурийг илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Оролцогчид, гүтгэх буюу худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдох этгээдийг нийтийн албан тушаалтан, иргэн, эсвэл хуулийн этгээд, төрийн байгууллага гэдгээр нарийвчлан ялгаж заах, нийтийн албан тушаалтантэй холбоотой үнэлэлт дүгнэлт өгсөн шүүмжийг энэ төрлийн гэмт хэрэгт тооцох, эсэх, “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хассан тохиолдолд энэ гэмт хэрэг хэрхэн ихсэх, нөгөөтэйгүүр энэ зүйлийг хуульд тусгаснаар худал мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох, гэмт хэргийг ямар хэмжээнд хязгаарласан талаар эрсдэлийн үнэлгээ, судалгаа хийсэн эсэх, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд тусгагдсан санаатай, зориудаар илт худал мэдээллийг тарааснаар хохирол, хор уршиг учирсан байх зэрэг үндсэн шаардлагуудыг хэрхэн хангах зэрэг олон асуудлаар санал солилцлоо. Цахим орчинд худал мэдээлэл тарааж, хүнийг гүтгэн, нэр төр, алдар хүндийг нь гутаагаад байгаа үйлдэл сэтгүүл зүйн ч юм уу, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хамаарах эсэх, үүнийг худал мэдээлэл гэдгийг тогтоосон даруй таслан зогсоож, цахим орчноос бүрмөсөн устгах боломжтой эсэх зэрэг нарийн түвэгтэй асуудлуудыг ч хөндөн ярилцсан юм. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт хууль, шүүхийн байгууллагын мэргэжилтэн, судлаачдын зэрэгцээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын төлөөлөл, иргэд, олон нийтийг өргөнөөр оролцуулах нь зүйтэй гэсэн байр суурийг олон хүн илэрхийлж байлаа. Хэлэлцүүлэгт оролцсон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүл нар сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа төдийгүй хүний үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх, эрх чөлөөнд халддаг энэ зүйл заалтыг Эрүүгийн болон Иргэний хуульд тусгахгүй байх, ийм гэмт хэргийг тусгайлан зүйлчлэн бий болгохгүй байх саналыг хэлж байв.

Асуудлаа ойлголцож, тал талын байр суурийг олж харах, салбар салбартаа тулгарч байгаа бэрхшээл, өөр өөрийн харж буй шийдлийн хувилбаруудыг илэн далангүй ярилцсан хэлэлцүүлэг ихээхэн үр дүнтэй боллоо гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин дүгнэн хэлж, дараа дараагийн хэлэлцүүлгийн судалгаа тооцоотой, тоо баримттай, тодорхой кэйс, баримтыг задлан шинжилсэн, үр дагаварыг нарийвлан тооцсон нягт, чамбай, ажил хэрэгч байдлаар зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраасмэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээ