Цэс

Холбоо барих

АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив



Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.04.01) хуралдаан 14 цаг 32 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Тус Байнгын хорооны 29 гишүүний 19 буюу Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Э.Болормаа, Д.Бум-Очир, Д.Ганбат, Л.Гантөмөр, Х.Жангабыл, С.Лүндэг, П.Наранбаяр, Г.Номтойбаяр, Г.Очирбат, Б.Тулга, Д.Цогтбаатар, Ө.Шижир, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирснээр ирц 58.6 хувь болж, хуралдаан эхэлсэн.


Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөх талаар хэлэлцсэн юм. Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хуралдаанд танилцуулав. Төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлтийг Н.Батсүмбэрэл гишүүн, Төсвийн байнгын хорооны энэ сарын 01-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлтийг Г.Тэмүүлэн дарга тус бүр танилцууллаа.


“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх” тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт цогцолборыг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулна гэсэн нь нисэх буудлыг бүхэлдээ удирдах гэсэн хоёрдмол утгыг илэрхийлж байгаа тул хэлэлцээрийн өөрчлөлтийн нэмэлт протоколд энэ асуудлыг тодорхой тусгаж, “Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийг түлшээр цэнэглэх дэд бүтцийг удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулна.” гэж Монголын талын саналаар өөрчлөлт оруулсан байна. 5 дугаар заалтадМонголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын дотоод зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана” гэж заасныг газрын тосны бүтээгдэхүүн гэж бүх төрлийн шатахууныг хамааруулсан утгатай заалт орсон тул тодруулах, хуульд нийцүүлэх зорилгоор “Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын дотоод зах зээлд агаарын хөлгийн түлш борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана” гэж өөрчлөлт оруулсан байна.


7 дугаар зүйлийн нэгдүгээр догол хэсэгт хэсэгтэй давхацсан утгыг илэрхийлж байгаа тул хоёр талаас зөвшилцсөний үндсэн дээр мөн зүйлийн хоёрдугаар догол мөрийг хассан. Хэлэлцээрийн 9 дүгээр зүйлийн хоёрдугаар догол хэсэгт Оросын талын арбитрын шүүх маргаан таслахаар тусгагдсан нь зохимжгүй тул гуравдагч орны арбитрын шүүхийг сонгох саналыг Монголын талаас гаргаж, хэлэлцээрийн явцад Бүгд Найрамдах Беларусын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын арбитрын шүүх байхаар өөрчлөлт оруулсан.

Хэлэлцээрийн 11 дэх хэсэгт Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хооронд үйлчилж буй ижил асуудал зохицуулсан бусад олон улсын хэлэлцээрээс давуу эрхтэй байна гэсэн заалт орсон нь олон улсын эрх зүйн акт, хэм хэмжээг үгүйсгэсэн, давж үйлчлэх утгатай Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байсан тул хассан байна. Мөн хэлэлцээрийн анхны хувилбарт 20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх заалттай байсныг 15 жил болгосон зэрэг өөрчлөлтийг оруулж байгаа аж. Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны гишүүд дээрх хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Д.Цогтбаатар, Х.Жангабыл, Д.Ганбат, Л.Гантөмөр, Б.Тулга нар асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон ажлын хэсгийн гишүүдээс хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийн талаар, үйл явцын талаар хариулт авав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, Ч.Анар, Ж.Энхбаяр, Д.Ганбат, Г.Очирбат, Г.Тэмүүлэн нар төслийг зөвшилцөхтэй холбоотой байр сууриа илэрхийллээ.


Хуралдааны төгсгөлд санал хураалт явуулахад 19 гишүүний 13 нь Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ