Цэс

Холбоо барих

Ажлын хэсэг хуралдаж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр ажиллах төлөвлөгөөгөө баталлаа

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн 2 дахь хуралдаан өнөөдөр /2026.04.01/ боллоо.


Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Мөнхсайхан, М.Сарнай, М.Энхцэцэг, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат болон холбогдох албан тушаалтнууд оролцож цаашид ажиллах төлөвлөгөөнийхөө талаар ярилцлаа.


Ажлын хэсгийн ажиллах төлөвлөгөөнд ажлын хэсгийн зохион байгуулалт, уулзалт, хэлэлцүүлэг, хуулийн биелэлт, үр дүн, хэрэгжилт, санал, дүгнэлт гаргах зэрэг дөрвөн бүлгийн хүрээнд нийт 16 үйл ажиллагаа төлөвлөж гишүүдийн олонхийн саналаар төлөвлөгөөгөө баталлаа.


Төлөвлөгөөнд ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх баг бүрэлдэхүүнийг байгуулах, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл, өвчинд өртөх магадлал, үр дагаврын эрсдлийн үнэлгээ, эрт илрүүлэг, орчны болон хөдөлмөрийн эрүүл мэнд, нийгэм, сэтгэц-зан үйл, хүнсний хүртээмж, шимт байдал, эрүүл мэндийн боловсролын талаар авч буй арга хэмжээ, түүний хэрэгжилтийн байдалтай танилцах, мэдээлэл цуглуулах, судалгаа, дүн шинжилгээ хийх, салбарын төлөөллийг хамруулсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар тусгав.


Мөн ажлын хэсэг цаашид Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийх ажлын хүрээнд хуулийн хэрэгжилт, үр дүн, нөхцөл байдлын талаар мэдээлэл авах, санал солилцохоор Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдад очиж ажиллахаар боллоо.

 

 

АЖЛЫН ХЭСЭГ

Хуваалцах:

Холбоотой мэдээ