Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 18 дугаар тогтоолоор байгуулагдсан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2026.04.01/ “Их засаг” танхимд боллоо. Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн ажлын хэсгийн ахлагч Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан, А.Ундраа, Б.Уянга нар оролцсон.
Хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Хог хаягдын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулсан. Уг танилцуулгад өргөтгөсөн үйлдвэрлэгчийн хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага, үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, Хог хаягдлын тухай хуульд өргөтгөсөн үйлдвэрлэгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Тухайлбал, Өргөтгөсөн үйлдвэрлэгчийн хариуцлага нь үйлдвэрлэгч, импортлогчийг бүтээгдэхүүнийхээ бүх амьдралын мөчлөгт, ялангуяа буцаан авах, дахин боловсруулах, эцсийн шат хүртэлх үйл явцад хариуцлага хүлээлгэдэг бодлогын тогтолцоо танилцуулгад дурдаж байлаа.
Мөн өргөтгөсөн үйлдвэрлэгчийн хариуцлага гэдэг нь бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн туршид үүсэх бүх тооцоологдсон байгаль орчны зардлыг тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэнд нэмж оруулах тогтолцоо гэдгийг төсөл санаачлагчид онцлон тэмдэглэв. Монгол Улсад өргөтгөсөн үйлдвэрлэгчийн хариуцлагатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг хийснээр дахин боловсруулалт одоо байгаа 8.0 хувиас 40 хүртэлх хувь болон нэмэгдэж, жилийн хогийн хэмжээ 600-900 мянган тонноор буурах боломжтой төдийгүй булшлагдах, ил задгай орхигдох хог 20-30 хувь буурна гэж байлаа.
Дараа нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хог хаягдлын тухай хуульд оруулах саналын талаар танилцуулав. Мөн ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх багаас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон цаашид уг хуульд оруулах шаардлагатай өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл хийв. Уг мэдээлэлд дэмжлэг үзүүлэх багийн хэлэлцүүлэг уулзалт, хог хаягдлын менежментийн үндсэн асуудал, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, барилга болон нураалт, эмнэлэг, малын гаралтай хог хаягдлын талаарх тулгамдсан асуудал, шалтгаан, шийдлийн талаар танилцуулсан.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, А.Ундраа нар Хог хаядлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Ж.Золжаргал нар санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлын үнэ тарифт шинэчлэл хийх шаардлагатайг дурдаад цаашид энэ салбарт хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь чухал гэв. Түүнчлэн барилгын болон малын гаралтай хог хаягдлын зохицуулалт, сумын төв, зам дагуух хог хаягдлын цэгийн асуудлыг өнөөг хүртэл шийдээгүй нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байгаа талаар хөндөж, санал хэлсэн.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргаж байгаа хог хаягдлын менежментэд хувийн хэвшлийн санаачилгыг тусгаж байгаа нь сайшаалтай гээд үйлдвэрлэгчид өндөр шаардлага тавьснаар хууль хэрэгжих нь тодорхойгүй байдалд орох, улмаар үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэж, бүтээгдэхүүний үнэ өсөх вий гэдэгт анхаарах нь зүйтэй гэж байлаа.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Мөнхсоёл Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг, шийдвэрийн төслийн хамт танилцуулахаар тогтов.
АЖЛЫН АЛБА
Мон
English