“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” болон “Н.Учралыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлжээ. “Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Г.Занданшатарт даалгасан. Мөн “Н.Учралыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Улсын Их Хурлын даргын албан үүргийг гүйцэтгэж байхыг Улсын Их Хурлын дэд дарга Жадамбын Бат-Эрдэнэд даалгажээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт “Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тус тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …”, 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад “… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.” гэж заасны “… танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ...” гэсэн заалтыг Улсын Их Хурал 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар агуулгаар нь дахин сэргээсэн байх тул Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …”, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтын “... эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.” гэж заасны “... танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ...” гэсэн заалтыг тус тус хүчингүй болгосон байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.” гэсэн заалтыг Улсын Их Хурал 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар агуулгаар нь дахин сэргээсэн байх тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсгийн “... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, …” гэсэн заалтыг хүчингүй болгожээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English