Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга П.Батчимэг Элчин сайд Кристина Мартиг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга П.Батчимэг өнөөдөр (2026.04.03) Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Кристина Мартиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн П.Батчимэг, Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын парламентын бүлэг өнгөрсөн онд 10 гишүүнтэйгээр байгуулагдсан талаар танилцууллаа. Тэрбээр, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн түүхэнд Швейцарын Үндэсний зөвлөлд анх удаа Швейцар-Монголын парламентын найрамдлын бүлэг байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол, Швейцар хоёр улс газарзүйн байршлын хувьд алс оршдог ч ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлстэйг тодотгоод, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байгааг дурдлаа. 


УИХ-ын гишүүн П.Батчимэг үргэлжлүүлэн, Швейцар Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь итгэлт түнш хэмээн тодотгоод, нийгэм, эдийн засгийн тулгуур салбаруудын харилцааг өргөжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлнэ гэв. Тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь Ази тивдээ тэргүүлэх үзүүлэлт гэдгийг онцолсон юм. Тэрбээр, эдийн засгийн бүтцийн зонхилох салбаруудад жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжихэд анхаарч ажиллаж буйгаа хэллээ. Түүнчлэн сайн туршлагад суурилан уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх арвин нөөц, боломж бий гэдэгтэй талууд санал нэгдэж байв. 


Ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлснийг тэмдэглээд, эдгээрээс Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны хүрээнд “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төсөл амжилттай үргэлжилж буйг тодотголоо. Элчин сайд Кристина Марти, УИХ-ын гишүүн П.Батчимэгийг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал дэвшүүлээд, хоёр улсын харилцааг шинэ шатанд хүргэхийн төлөө өөрийн эрх мэдлийн хүрээнд дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Өнгөрсөн хугацааны хамтын ажиллагааны үр дүнг бататгаж, нийгэм, эдийн засгийн олон салбарт уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломж бий гэдгийг онцолж байв. 


Жендэрийн тэгш байдлыг хангах нь улс орны хөгжлийн хөшүүрэг гэдэгтэй талууд санал нэгдээд, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжихэд олон талт хэлбэрээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд Элчин сайд Кристина Марти, хоёр улсын парламентын бүлгүүд байгуулагдсан нь  хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээгээд цаашид иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.






Хуваалцах:

Холбоотой мэдээ