Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2026.04.07) хуралдаан 10 цаг 51 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Р.Сэддорж гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Тус Байнгын хорооны 31 гишүүний 17 буюу Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, П.Батчимэг, П.Ганзориг, Б.Жаргалан, Б.Заяабал, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Найдалаа, Э.Одбаяр, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Б.Уянга, С.Цэнгүүн, Л.Энх-Амгалан, Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирснээр ирц 58.1 хувь болж, хуралдаан эхэлсэн.

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх талаар хэлэлцсэн юм. Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.


Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах хэрэглэгчид буюу 5 дүүргийн 50,884 цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдийг 110 кВ-ын хүчдэлийн түвшний Өмнөд, Умард, Дорнод-2 болон Туул дэд станцуудаас тэжээдэг боловч эдгээр дэд станцууд нь сүүлийн таван жилийн хугацаанд дэд станцуудын цахилгаан ачаалал 70-100 хувьд хүрч, хүчин чадлын хязгаарт тулаад байгаа нь шинэ хэрэглэгч холбох болон системийн аюулгүй ажиллагааг хангах боломжийг эрс хязгаарлаж байгаа аж.

Сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох 110 кВ-ийн GIS (Gas-Insulated Switchgear) буюу зай талбайд хэмнэлттэй 110 кВ-ын хаалттай хуваарилах байгууламжтай кабель шугамын оруулга бүхий дэд станцыг Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийнх нь талбайд барьж байгуулах юм байна.


Төслийг хэрэгжүүлэхэд техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөвт тусгагдсаны дагуу 17 сая еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд төслийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Германы Сэргээн босголтын зээлийн банк /KFW/-aac олгох 17 сая еврогийн зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Эрчим хүчний яамны 2026-2028 онд хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх тус төслийг санхүүжүүлэхээр Германы Сэргээн босголтын зээлийн банкнаас санал болгож буй зээлийн хөрөнгө нь тогтмол 2 хувийн хүүтэй, 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 30 жилийн хугацаанд эргэн төлөлт хийх нөхцөлтэй бөгөөд хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл нь 0.25 хувьтай тэнцүү болохыг Сангийн сайд танилцууллаа.

Төслийн хүрээнд шинээр 110/10 кВ-ын 2x63 МВА чадалтай хаалттай дэд станц, 110 кВ-ын 4.0 км урттай хос цахилгаан дамжуулах кабель шугам барьж, одоо байгаа 110/35/10 кВ-ын Туул дэд станцыг өргөтгөх ажлыг гүйцэтгэх юм байна. Ингэснээр Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх зэрэг таван дүүргийн 14 хорооны 11,832 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилж, иргэн болон аж ахуйн нэгжийн хүлээгдэж буй 49.4 МВА чадлын хүсэлт хангагдаж, жилд дунджаар 6,573.4 сая төгрөгтэй тэнцэх цахилгаан эрчим хүчний борлуулалт хийх нөхцөл бүрдэнэ хэмээн тооцсон байна.


Зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Н.Батсүмбэрэл, Р.Очирбат нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Х.Булгантуяа, Р.Сэддорж нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Зээлийн нөхцөл таатай хэдий ч зөвлөх үйлчилгээ тэргүүтэй дагалдах зардлууд нь хэт өндөр өртөгтэй байгааг анхаарах шаардлагыг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 19 гишүүний 78.9 хувь нь Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэнээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.


Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нарын 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцуулсан. Эхэнд нь тэрбээр төслийг боловсруулах явцдаа олон нийтээр хэлэлцүүлсэн байдал, төсөл нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцэж буй эсэхийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Санхүүгийн хоршоо буюу иргэдийн нэрлэж заншсанаар Хадгаламж, зээлийн хоршоо нь 1996 онд байгуулагдсан бөгөөд 2005-2006 оны хямрал нь хяналт, зохицуулалт хангалтгүй, хоршооны тухай иргэдийн мэдлэг муу байснаас зарим хоршооны үйл ажиллагаа ашгийн бус байх, нийгмийн чиг баримжаатай байх сонгодог утгаасаа гажуудаж, банк, хөрөнгө оруулалтын сангийн шинжтэйгээр үйл ажиллагаа эрхлэх болсон байна. Улмаар анх үүсгэн байгуулсан бүлэг этгээдэд хоршооны удирдлага төвлөрсөнтэй холбоотойгоор хоршооны гишүүд, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хохирч ирсэн гэлээ. Энэ үйл явдал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хоршооллын хөдөлгөөний нэр хүндийг Монгол Улсад унагасан уршигтайг дурдаад “Үүссэн нөхцөл байдлыг засаж, салбарыг хянах, зохицуулах байгууллагыг бий болгохоор 2011 онд Улсын Их Хурлаас Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг баталж, салбарыг цэгцлэх үйл ажиллагаа эхэлсэн” гэв.


Өнөөдрийн байдлаар хадгаламж, зээлийн 172 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 53.5 хувь буюу 52 нь орон нутагт, 46.5 хувь буюу 80 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж. 2025 оны байдлаар салбарын нийт хөрөнгө 379 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 0.5 хувь, гол үзүүлэлт болох хадгаламж болон зээлийн дүн банкны зах зээлийн мөн үзүүлэлтийн 0.5 хувьтай тэнцэж байгааг онцлов. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээл 10.3 сая төгрөг бөгөөд энэ үзүүлэлт нь Улаанбаатар хотод 17.4 сая төгрөг, орон нутагт 4.9 сая төгрөг байгаа аж. Нэг хадгаламж эзэмшигчид ногдох дундаж хадгаламж 5.3 сая төгрөг бөгөөд тус үзүүлэлт нь Улаанбаатар хотод 7.5 сая төгрөг, орон нутагт 2.9 сая төгрөг байгаа юм байна. Нийт гишүүдийн тоо 2025 оны байдлаар 77155 иргэн байгаа нь эдийн засгийн идэвхтэй хүн амын 5.5 хувийг эзэлж байгаа аж. Энэ үзүүлэлтээрээ Азийн дундаж үзүүлэлт болох 6.6 хувьтай ойролцоо, олон улсын дундаж үзүүлэлт болох 11.2 хувиас 5.7 пунктээр доогуур байгааг Б.Заяабал гишүүн дурдсан.


Монгол Улсын 18-64 насны эдийн засгийн идэвхтэй хүн амын 26 хүн тутмынх нь нэг нь хадгаламж, зээлийн хоршооны гишүүн, 71 хүн тутмын нэг нь зээл авсан, 41 хүн тутмын нэг нь хадгаламж төвлөрүүлсэн гэх тоон мэдээллийг мөн танилцууллаа. Хэдийгээр санхүүгийн зах зээлд эзлэх хэмжээ харьцангуй бага ч тогтвортой, зохистой өсөлтийг үзүүлж буй зээл болж төлөвшиж байгааг тэмдэглээд “Тасралтгүй хөгжиж байгаа энэ зах зээлийн хөгжлийн чиг хандлагад тохирсон зохицуулалтыг бий болгох, хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, гишүүдийн санхүүгийн хэрэгцээнээс гадна нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц хоршоодыг хөгжүүлэх шаардлага тулгарч байна” хэмээсэн.


Олон улсын туршлагаас судалж үзэхэд хадгаламж, зээлийн хоршоодын талаар тогтсон нөхцөл тодорхойгүй байдгийг дурдаад “Энэ төрлийн байгууллагыг улс орнууд янз бүрээр нэрлэж байгаа ч Дэлхийн банк “Санхүүгийн хоршоо” хэмээн нэгтгэн нэрлэж байгаа. Иймд төсөл санаачлагчид эл томьёоллыг ашиглан, салбарын нэршлийг өөрчлөх алхам нь гишүүдийн хэрэгцээнд нийцсэн, олон төрлийн санхүүгийн үйлчилгээг хүргэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зохицуулалтын орчныг бий болгосноор гадаадын зорилтот болон хөнгөлөлттэй төсөл, хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх, санхүүжилт авах боломжуудыг бүрдүүлэх ач холбогдолтой” гэв. Мөн олон нийтийн хоршооны талаарх сөрөг төсөөллийг бууруулж, салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор ребрэндинг хийх нь зүйтэй хэмээн үзжээ.



Иргэд хоорондын харилцан туслалцах зарчим дээр тулгуурлан байгуулагдаж, санхүүгийн үйлчилгээг зөвхөн гишүүддээ хүргэж ажилладаг учраас санхүүгийн хоршооны салбар улс орны санхүүгийн системд онцгой байрыг эзэлдэг тул төрөөс бодлогоор дэмждэг байна. Зах зээлийн найдвартай байдал болон хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалахын тулд дэлхийн улс орнууд хамгаалалтын 2-3 давхарга бүхий тогтолцоог бий болгон иржээ. Нэгдүгээрт санхүүгийн хоршоодын цэвэр орлогоос байгуулдаг нөөцийн сан, хоёрдугаарт үйл ажиллагааны түр хугацааны хүндрэлд орсон, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдагдсан санхүүгийн хоршоодод мэргэжил арга зүйн болон санхүүгийн туслалцаа үзүүлж, дампуурлаас сэргийлж үйл ажиллагааг сэргээхэд чиглэдэг тогтворжуулалтын сан, гуравдугаарт хадгаламжийн даатгал бөгөөд хоршоо дампуурсан тохиолдолд даатгагдсан хадгаламжийг хадгаламж эзэмшигчид нөхөн олгодог.


Олон улсын чиг хандлагад хадгаламж хамгаалалтай холбоотой асуудалд санхүүгийн хоршоодыг банкны салбарын нэгэн адил зохицуулахад чиглэсэн байдаг байна. Хадгаламж хамгаалах тогтолцоог нэвтрүүлснээр зах зээлд орох мөнгөний урсгал нэмэгдэх, гишүүдийн тоо өсөх, иргэдийн санхүүгийн хоршоонд, цаашлаад санхүүгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэргээр санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх аж.

Манай орны хувьд санхүүгийн хоршоод хамгаалалтын нэгдүгээр давхаргын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хамгаалалтын олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлснээр салбарын нэгдсэн бодлого, удирдлагын дор төрд үүсэх дарамтгүйгээр салбарыг тогтвортой хөгжүүлж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах замаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзсэн гэв. Үргэлжлүүлэн Б.Заяабал гишүүн 13 бүлэг, 93 зүйлтэй төслийг баталснаар гарах үр дагаврын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.   



Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Г.Очирбат, П.Батчимэг, Б.Пунсалмаа, Б.Жаргалан, Л.Соронзонболд, Н.Батсүмбэрэл, Д.Энхтүвшин, П.Сайнзориг нар асуулт асууж, төсөл санаачлагч Д.Үүрийнтуяа гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Н.Батсүмбэрэл, Р.Сэддорж нар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх байр сууриа илэрхийлсэн.


Хуралдааны төгсгөлд санал хураалт явуулахад 20 гишүүний 70 хувь нь Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Дараа нь хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ