Цэс

Холбоо барих

ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.07/ хуралдаан 15.28 цагт А.Ариунзаяа, Ж.Батрдэнэ, Б.Батбаатар Ж.Батжаргал, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Бямбацогт, А.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Сулпхар, Ц.Идэрбат, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандагчир, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Л.Энхмгалан, Д.Энхтуяа нарын гишүүд ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай байлаа.

Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал даргалан явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг тодотгоод санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ж.Баярмаа нарын УИХ-ын 31 гишүүнээс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна”, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх”, мөн зүйлийн 4-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх” асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахаар зохицуулжээ.

Түүнчлэн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж, Жаран долдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.

Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгох явдал сүүлийн үед олны анхаарлыг татах боллоо. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусвар болох тухай 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” хэмээн заасан нь Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлийн “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэсэн заалттай зөрчилдөж, энэ шийдвэрийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх эсэх тухай асуудлыг тавихаар зохицуулжээ.

Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулийг зөрчсөн нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнийг эгүүлэн татах үндэслэл болох бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт энэ тухай гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг “хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэжээ. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал “хүлээн зөвшөөрөх”, “хэлэлцэн шийдвэрлэх” эрхгүй байгаа бөгөөд Жаран долдугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болж Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татахаар байна.

Мөн зүйлд “Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн заалтыг шүүхээс хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна хэмээн танилцуулав.

Мөн тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” хэмээн заасан. Энэхүү Үндсэн хуулийн зарчим ёсоор иргэд төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа, ард түмний элчийн хувьд Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, цаашлаад сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагын гишүүнийг Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн тохиолдолд бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгохыг шаардах болсон.

Үүнтэй холбоотой Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодотгох шаардлага тулгамдаж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх тухай 3.3.1 дүгээр зүйлийн 3.3.1.1-т “Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлагын болон байгууламжийн хэлбэр, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, эрх зүйт ёс, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг тууштай хэрэгжүүлнэ”, 3.3.1.3-т “Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан аливаа оролдлоготой шийдвэртэй тэмцэнэ” гэж тус тус заасан байдаг нь уул баримт бичгийн 1.1.4-т заасан “Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн” гэдэг заалтыг хангах чухал арга зам болно. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулийг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн болон гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон бол эгүүлэн татаж хууль зүйн болон ёс зүйн хариуцлага хүлээлгэх явдал парламентын ардчиллыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болсоор байна.

Энэхүү хуулийн төслийн зорилго нь өргөсөн тангаргаасаа няцсан, ард түмний элчийн хувьд төлөөлөх, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй болон санал хураалтад биечлэн оролцоогүй, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татаж хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болгох замаар Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад оршино.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн ардчилсан ёсны зарчмын дагуу ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн намыг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад онцгой ач холбогдолтой юм гэлээ.

Хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хуулийн төслийг дэмжсэн болон дэмжээгүй байр сууриа илэрхийлсэн. Хуралдаан даргалагч зарим гишүүдийн зүгээс УИХ-ын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хуулийн төслөөр хөндөгдөж орж ирсэн асуудлуудыг боловсронгуй болгоод цааш хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн бол нөгөө хэсэг нь хууль, эрх зүйн хувьд хүлээн авах боломжгүй хэмээн асуудалдаа хандаж байгааг тодотгов. Тийм учраас намуудын төлөөллийг жигд багтаан ажлын хэсэг байгуулаад, хуулийн төслийг тал бүрээс нь авч үзэн илүү боловсронгуй болгоход анхаарах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зүйл бүрээр нь хэлэлцэв.

Хуулийн төсөлд "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно." хэмээн заахаар тусгасан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, У.Отгонбаяр нараас гаргасан “тавин хувь гэдгийг гучин хувь болгон өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёолол олонхын дэмжлэг авсангүй. Мөн хуулийг дагаж мөрдөх хугацаатай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Төслийн анхны хэлэлцүүлэг үүгээр дуусч Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан байлаа.

Засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих нийтлэг журмын 6-д заасны дагуу цахим системд хяналтад байгаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хамаарах 32 шийдвэрийн 228 заалтын биелэлтэд 2025 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулав.

Тэрбээр, Хяналт, шинжилгээ үнэлгээг Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн санд ирүүлсэн тайлан мэдээллийн эх өгөгдлийн дата баазыг ашиглаж хийсэн бөгөөд анхан шатын нэгжээс шат дараалсан үнэлгээний тайлан нэгтгэсэн үнэлгээг хийж гүйцэтгэлээ хэмээсэн. Энэ үйл явцад яам, агентлаг, орон нутгийн төлөөллийг оролцуулснаас гадна Канадын Мерит төсөл, Юнисеф, Удирдлагын академийн зөвлөхүүдийн арга зүйн дэмжлэг зөвлөмж саналыг тусган ажилласан нь анх удаа бүх шатын оролцоог хангасан арга хэмжээ болсныг тодотгов. Мөн ажлын бүтээмж үр дүнг нэмэгдүүлэхэд технологийн дэвшлийг ашиглаж тус Байнгын хороонд хамаарах шийдвэрийн биелэлтэд хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийж үзсэн гэлээ. 2025 оны жилийн эцсийн байдлаар тус Байнгын хорооны 32 шийдвэрийн 228 заалтыг яам, агентлаг, нийслэл хэрэгжүүлж ажилласан бөгөөд биелэлтийн дундаж 79,5 хувьтай гарчээ. Нийт 124 заалт хэрэгжсэн, 40 заалт хэрэгжих шатад, 17 заалт хэрэгжээгүй, 19 заалт хугацаа болоогүй, 28 заалт хэрэгжих боломжгүй гэж үнэлэгдсэн байна. 2025 оны жилийн эцсийн Хяналт шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн бүрэн хэрэгжсэн, бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй болсон, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан, тухайн шийдвэр хүчингүй болсон зэрэг шалтгаанаар 124 заалтыг Засгийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн сангаас хяналтаас хасах үндэслэлтэй гэж үзэж Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна гэлээ. Хэрэгжээгүй шийдвэрүүд нь төрийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт хангалтгүйгээс шалтгаалсан гэж дүгнэжээ. Тухайлбал, төрийн байгууллагуудын түвшинд хариуцлагын тогтолцоо хангалтгүй, салбар хоорондын ажлын уялдаа сул, олон удаагийн бүтцийн өөрчлөлт хийгддэг, төсөв, хөрөнгө оруулалтын эрэмбэ дараалал хангалтгүй, бодлогын болон хүний нөөцийн тогтворгүй байдал зэрэг нь хууль тогтоомжийн биелэлтэд сөргөөр нөлөөлж байна хэмээгээд, Монгол Улсын хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийг 2025 оны жилийн эцсийн тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах арга хэмжээг авахыг даалгасан гэж мэдээлэв.

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлж салбар хоорондын уялдааг ханган бодитой үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, иргэдийн ахуй амьдрал болон салбарын хөгжлийн үзүүлэлтэд хэрхэн нөлөөлж буйг үнэлж тооцож ажиллахыг даалгажээ. Мөн хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн төслийг боловсруулахдаа зохицуулалт утга агуулгын хувьд давхардал, хийдэл, зөрчилтэй шийдвэр гаргахгүй байх, санхүүгийн эх үүсвэрийг тусгах хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт хэрэгжихүйц байхад анхаарах, дижитал хяналт, их өгөгдөлд суурилсан үнэлгээ хийх, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг бодит цагт хянах ил тод болгох чиглэлээр цахим шинэчлэл хийх санал боловсруулж танилцуулахыг даалгасан байна. Түүнчлэн хууль тогтоомжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгажээ.

Хууль тогтоомжийн биелэлттэй холбоотойгоор УИХ-ын түвшинд анхаарах асуудлууд бас байгааг Б.Энхбаяр сайд тодотгоод, УИХ-аас удирдлага нь томилогддог, сонгогддог байгууллагуудад үүрэг даалгавар болгосон шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтийг тайлагнах үйл ажиллагааг гүйцэтгэлийн байгууллагуудын түвшинд уялдуулах, нэгдсэн байдлаар тайлагнах боломжийг бүрдүүлэх нь зүйтэйг онцолсон.

Тус Байнгын хороонд хамаарах шийдвэрүүдийн биелэлтэд анх удаа хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийсэн бөгөөд нийт 228 заалтын 27 хувь нь хуулиар ноогдуулсан чиг үүргийг дахин үүрэгжүүлсэн бол 18 хувь нь тогтоолын хэрэгжилтийг давтан баталгаажуулсан заалт байна гэж дүгнэжээ. 23 хувь нь бодлогын баримт бичигтэй агуулгын огтлолцолтой заалт эзэлжээ. Цаашид УИХ-ын холбогдох бүтцийн нэгжтэй хамтран хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийх ажлыг улам боловсронгуй болгох, УИХ-аас гарч байгаа шийдвэрийн биелэлт, үр нөлөө, хяналтыг сайжруулахаар ажиллана гэсэн мэдээллийг өгөв.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Баярбаатар, С.Зулпхар нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээ