Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.04.06-04.12)

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА:


    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.04.06) Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Энэ үеэр Улсын Их Хурлын даргын зүгээс дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, түүнээс улбаалсан хүндрэл, сорилтууд нийгэм, эдийн засагт нөлөөлж буй үед Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар тогтмол мэдээлэл зөвлөмж ирүүлж байхыг хүсэв... https://www.parliament.mn/nn/76963/

 

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.04.06) парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагатай уулзаж, санал солилцлоо. Улсын Их Хурлын дарга парламент бол зөвшилцлийн байгууллага гэдгийг тодотгоод, парламентын тэргүүний хувьд бодлого, байр сууриа илэрхийлэв... https://www.parliament.mn/nn/76964/

 

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.04.07) Үндэсний статистикийн хорооны даргатай уулзаж, бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. Тэрбээр, төрийн бодлого тодорхойлоход шаардлагатай мэдээллийг цуглуулах, боловсруулах ажлыг иж бүрэн гүйцэтгэх, улмаар төрийн байгууллагууд мэдээллээ өөр хоорондоо саадгүй хуваалцахтай холбоотой шийдлийг тус тус боловсруулж, танилцуулахыг үүрэг болголоо... https://www.parliament.mn/nn/76970/



    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.04.07) Улсын Их Хурлын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзахдаа дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, түүнээс улбаалсан хүндрэл, сорилтуудыг сөрөн тэсвэрлэхэд чиглэсэн  ойрын хугацаан дахь төсөв, санхүү, эдийн засгийг том зураглалаар нь харуулсан цогц таамаглал, зөвлөмж гаргаж танилцуулахыг үүрэг болголоо... https://www.parliament.mn/nn/76973/

 

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.04.08) Монгол Улсын Ерөнхий аудитортой уулзаж, мэдээлэл сонсоод, төсвийг хэрхэн  хэмнэж, үр ашигтай зарцуулах, тэвчиж болох зардал, орон тооны судалгаа гаргах, төсвийн сахилга батыг сайжруулахтай холбоотой асуудлаар санал, зөвлөмж, шийдэл танилцуулахыг үүрэг болголоо... https://www.parliament.mn/nn/76978/

 

ХУУЛИЙН ТӨСӨЛ: 


    Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, А.Ариунзаяа, Б.Баярбаатар нар өргөн мэдүүллээ. Уг хуулийн төслийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулах, нээлттэй, хараат бус үйл ажиллагаагаар дамжуулан эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж буйг төсөл санаачлагчид танилцуулав... https://www.parliament.mn/nn/76984/

 

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 


    Эдийн засгийн байнгын хорооны (2026.04.07) хуралдаанаар Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх талаар хэлэлцэж,  Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив... https://www.parliament.mn/nn/76967/

 

    Хууль зүйн байнгын хорооны (2026.04.07) хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг сонсов. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр тайланг танилцуулахдаа, Засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан “Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих нийтлэг журам”-ын 6-д заасны дагуу цахим системд хяналтад байгаа, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд хамаарах 49 шийдвэрийн 341 заалтын биелэлтэд 2025 оны эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гишүүд асуулт асууж, хариулт авлаа... https://www.parliament.mn/nn/76972/

 

    Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны (2026.04.07)-ийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцжуулалтын талаарх Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсож, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцжуулалтын төсөл, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах бодлого, арга хэмжээг салбарын сайдын баталсан түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу хэрэгжүүлдэг бөгөөд тус журмыг шинэчлэн баталсан талаар салбарын сайд Э.Бат-Амгалан танилцуулав... https://www.parliament.mn/nn/76974/

 


    Төрийн байгуулалтын байнгын хорооны (2026.04.07) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ. Мөн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав... https://www.parliament.mn/nn/76975/

 

    Төсвийн байнгын хорооны (2026.04.08) хуралдаанаар Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлантай танилцлаа. Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нараас өргөн мэдүүлсэн  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай  хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Үргэлжлүүлэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа... https://www.parliament.mn/nn/76979/

 

    Төсвийн байнгын хорооны (2026.04.10) хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж,  Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов... https://www.parliament.mn/nn/76990/\

 

 

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:


    Улсын Их Хурлын чуулганы  (2026.04.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явуулж, санал хураалтыг хойшлууллаа... https://www.parliament.mn/nn/76983/

 

    Улсын Их Хурлын чуулганы (2026.04.09) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нар өргөн мэдүүлсэн Санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Харин дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх эсэхийг хэлэлцэв. Энэ өдрийн хуралдаан хуулийн төслүүдийн санал хураалтыг түр хойшлуулснаар өндөрлөлөө... https://www.parliament.mn/nn/76987/


    Улсын Их Хурлын чуулганы  (2026.04.10) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Мөн энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлж, хэлэлцэхийг дэмжсэнээр байнгын хороонд шилжүүлсэн. Үргэлжлүүлэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай  хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ...https://www.parliament.mn/nn/76991/

 

    Улсын Их Хурлын чуулганы  (2026.04.10) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, батлах санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Хуралдааны төгсгөлд “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/76993/

 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: 


    Нийтийн өмчийн хууль (Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид, төрийн өмчийг эзэнгүйдүүлэх, үргүй зарцуулах, хувьдаа завших явдлыг таслан зогсоох, иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зэрэг үр дүнтэй арга хэлбэрийг бий болгоход анхаарах зэрэг саналуудыг гаргаж, хуулийн төсөлд тусгахыг хүсэв... https://www.parliament.mn/nn/76977/

 

АЖЛЫН ХЭСЭГ:


    Даатгалын хууль тогтоомжийн талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг  (2026.04.09) хуралдан мэдээлэл сонсож, урт хугацааны даатгалыг хөгжүүлэх, одоо мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин, хэрэглэгчдийн итгэлийг бууруулж буй асуудлуудад дүн,шинжилгээ зохих судалгааг иж бүрнээр нь хийж, дүгнэлт гаргахаас  ажлаа эхлэх талаар хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/76986/

 

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ: 


    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 14 дахь дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ... https://www.parliament.mn/nn/76966/

 

 

ИРГЭД ТӨРИЙН ОРДОНД:


    Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой энэ өдрүүдэд 1294 хүн хамрагдлаа. Иргэд тогтсон маршрутын дагуу танилцах аялалд хамрагдан, парламентын үйл ажиллагаа, парламентат ёсны талаар мэдээлэл авч, Төрийн ордонтой танилцсан.


    Тухайлбал,  Өмнөговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Увс, Хэнтий, Ховд, Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Архангай,  аймгийн иргэд, Монгол Улсын их сургуулийн оюутнууд, нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид, төрийн тусгай чиг үүргийн алба хаагчид танилцах аялалд хамрагдсан байна. 


 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР 

Хуваалцах:

Холбоотой мэдээ