Цэс

Холбоо барих

АБГББХ: Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсож, хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.04.15) хуралдаан 15 цаг 38 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд оролцох ёстой Улсын Их Хурлын 29 гишүүнээс Э.Болормаа, Д.Ганбат, Ц.Мөнхбат, П.Наранбаяр, Г.Очирбат, Б.Тулга, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, Ө.Шижир, Б.Энхбаяр, Л.Энхнасан, Д.Энхтүвшин, Р.Эрдэнэбүрэн нар хүрэлцэн ирснээр хуралдаан эхэллээ.


Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээллийг эхлээд сонсов. Тус яам 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад байнгын хорооны гишүүдийг хүлээж авч уулзан, Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон талаар Г.Батцэцэг сайд дурдсан. Үргэлжлүүлэн тэрбээр 2025 оны айлчлал, арга хэмжээнүүдийн талаар товчхон мэдээлэл хийсэн юм. 2025 онд Турк, Итали улстай стратегийн түншлэл, Чех, Польш, Узбекстан, Киргиз улстай иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоосныг төрийн тэргүүний түвшинд хэрэгжүүлсэн төрийн айлчлалуудын үеэр албажуулж, олон нийтэд зарласан байна. Мөн Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлуулсан юм. Ингэснээр Монгол Улс НҮБ-ын 192 гишүүн улстай, 3 ажиглагч улстай дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын бүх гишүүн улсуудтай дипломат, найрсаг харилцаа тогтоосон цөөхөн улсын нэг болсон хэмээн онцлов. Энэ нь манай гадаад бодлогын үзэл баримтлалын нэг чухал зорилго байсныг сайд тэмдэглэж байв.

Тайлант онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшний 17, Улсын Их Хурлын даргын түвшний 5, Ерөнхий сайдын түвшинд 3, Гадаад харилцааны сайдын түвшний 18 айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлж, Засгийн газар хоорондын комиссын 9 хуралдааныг зохион байгуулж, Гадаад харилцааны яам хоорондын 19 зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ. Мөн Засгийн газар хоорондын 26 баримт бичиг байгуулах ажлыг зохион байгуулсан аж. Байгууллага хоорондын 157 гэрээний төслийг хянаж, санал өгч, гэрээ байгуулах зөвшөөрлийг олгосон байна. Дээрх өндөр дээд түвшний айлчлал, арга хэмжээг 2024 онтой харьцуулахад Монгол Улсын гадаад харилцаа болон Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд идэвхжин, өргөжиж байгааг илэрхийлнэ гэлээ.


Сайд Байнгын хорооны хуралдаанд БНХАУ болон ОХУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд өндөр дээд түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, бүх салбарын хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулж тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байгаагаа тодотгоод, холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Америк, Ойрх Дорнод, Номхон далайн орнуудтай хөгжүүлж байгаа харилцааны тухайд мөн холбогдох тайлан, мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан юм. АНУ-д Стратегийн гуравдагч түвшний хөршийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай салбарт гүнзгийрүүлэх хүрээнд тогтоосон харилцаа, уулзалтын талаар нэгбүрчлэн дурдав. Өнгөрсөн хугацаанд хийсэн уулзалт, айлчлалуудын үр дүнд нийслэлийн орон сууцад амьдарч байгаа 100 мянган өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр усыг хэмнэх Улаанбаатар хотын хаягдал ус боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон байна. Мөн Монголын англи хэлний багш, сурган хүмүүжүүлэгчдийг чадавхжуулах англи хэлний мэргэжлийн төвийг МУИС дээр байгуулсан гэлээ. Өнөөдрийн байдлаар 250 орчим багш нар тус сургалтад хамрагдаад байгааг дурдав. АНУ-ын “Юнайтед Эйрлайнс” компани Токио-Улаанбаатар чиглэлд анх удаа улирлын нислэг үйлдэж эхэлсэн гэдгийг онцолж байлаа.

Ойрх Дорнодын орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгын хүрээнд идэвхтэй ажиллажээ. Оманы Султант Улс, Саудын Арабын Хаант Улс, Бахрейны Хаант Улсад халал махны гэрчилгээг албан ёсоор бүртгүүлж, Кувейт Улсад амьд мал экспортлох эрүүл мэндийн гэрчилгээг тохирч, 2025 онд манай улсаас Катар Улс руу 64 тонн, Кувейт Улс руу 11 тонн мах тус тус экспортолж, Кувейт Улсын мах импортлогчдын “Юнайтед Мидс” компани нь Монгол Улсад 3 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Сэргээгдэх эрчим хүчний дэлхийн томоохон компани болох Саудын Арабын Хант Улсын “Аcwa power” компанийн удирдлага Монгол Улсад айлчилж, манай улсад 10 ГВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц барих төсөл хэрэгжүүлэхээр эцэслэн тохирчээ. Улаанбаатар, Шинэ Хархорин хотын чиглэлийн 291 км газарт автозам барих төслийн хүрээнд Улаанбаатар-Лүн чиглэлийн автозамын 101 км хэсэгт тус тус Кувейт Улсын болон булангийн бусад орны хөгжлийн сангуудаас санхүүжилт авах ажил үргэлжилж байгаа гэлээ.


Олон улсын харилцааны Номхон далайн бүс нутгийн стратегийн ач холбогдол нэмэгдэж байгаа талаар Б.Батцэцэг сайд онцлоод “Тус бүс нутгийн тэргүүлэгч орнууд болох Австрали, Шинэ Зеланд зэрэг улстай харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатад гаргахыг зорьж ажиллалаа. Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин есдүгээр сард Монгол Улс төрийн айлчлал хийсэн. Түүнчлэн Австралийн Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгийн квотыг нэмэгдүүлж, талууд агаарын харилцааны хэлэлцээрийг эцэслэж, нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлсэн” гэлээ. Шинэ Зеланд Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд, наймдугаар сард Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли манай улсад тус тус айлчилж, энэ үеэр итгэлцлийг гүнзгийрүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг нэлээд ахиулах ажлуудыг гүйцэтгэжээ.

Ази, Европын орнуудтай хөгжүүлэх харилцааны хүрээнд 2025 онд Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Б.Батцэцэг сайд дэлгэрэнгүй танилцууллаа. Хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны үр дүн эхнээсээ гараад эхэлснийг сайд тэмдэглээд “Тухайлбал Австри Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар визийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж, 2026 оноос манай улсын цахим албан паспорттой эзэмшигчид Австри Улс руу 90 хоног визгүй зорчих болж байгаа” хэмээсэн.

НҮБ болон олон улсын бусад байгууллагын хамтын ажиллагаанд идэвхтэй байр сууриа илэрхийлж, олон улсын тулгамдсан асуудлуудаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, Монгол Улсын санаачилга, зорилтыг олон талт тавцанд уялдуулан хэрэгжүүлэхийг зорилтоо болгон ажилласнаа дурдаад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, тус байгууллагын 80 жилийн ойн өндөр түвшний хуралдаанд төрийн тэргүүн оролцсон болохыг тэмдэглэв. Жил бүрийн долдугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тунхагласан НҮБ-ын шийдвэрийн хэрэгжилт 2025 оноос албан ёсоор эхэлж, адууны соёл, нүүдлийн өв уламжлалыг дэлхийн түвшинд сурталчлах манай улсын бодлогын бодит илэрхийлэл болсныг цохов.


Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын X бага хурал амжилттай зохион байгуулагдсаныг, Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форумын Зүүн Азийн бүсийг 2025-2027 онд хамтран даргалах Доминикан Улстай ажил эхэлснээ, ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтыг амжилттай зохион байгуулснаа дэлгэрэнгүй танилцууллаа.

Түүнчлэн тайлант хугацаанд олон улсын үзэсгэлэнд оролцсон талаар, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр байгуулснаа дурдсан.

Олон улсын болон бүс нутгийн түвшинд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг наймдугаар сард зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд 20 гаруй улсын Засгийн газрын төлөөлөгчид, парламентын гишүүд, олон улсын байгууллагын удирдлага, бизнес эрхлэгч нийт 250 гаруй гадаадын зочид, төлөөлөгчид дотоодын 500 бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцжээ.


Иргэдэд хүргэх консулын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, цахимжуулах ажлын хүрээнд англи хэл дээрх 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим апостиль гэрчилгээг и-монголиа системээр дамжуулан есдүгээр сараас олгож эхэлсэн гэв. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд 2025 онд улсын төсвөөс 600 сая төгрөг төсөвлөгдсөн байна. Тайлант онд тус сангийн Зөвлөл долоон удаа хуралдаж, хилийн чанадад нас барсан 29 иргэний шарил чандрыг эх оронд нь авчрах болон бусад заалтыг үндэслэн 236 иргэнд нийтдээ 526.8 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна.

Түүнчлэн үүссэн нөхцөл байдлаас үүдэн Ойрх Дорнодоос эх орондоо буцах хүсэлтийг нь үндэслэн  монгол иргэдийг татан авах ажлыг зохион байгуулсан гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийн талаар товч мэдээлэл танилцуулав. БНСУ-ын хил дээрээс монгол иргэдийг буцааж байгаа асуудлыг 4-5 жилийн хугацаанд тус улсын Засгийн газартай ярилцаж байгаа бөгөөд 2023 онд 1487 иргэн, 2024 онд 1350 иргэн, 2025 онд 1104 буцаагдсан. Тодруулбал, тайлант онд зорчиж байгаа иргэдийн тоо нэмэгдсэн ч хил дээрээс буцаагдаж байгаа иргэдийн тоо буурч байгаа гэлээ. 2025 онд 166.647 иргэн БНСУ руу зорчсоны 1104 буюу 0.65 хувь нь хил дээрээс буцсан гэх баримтыг танилцууллаа. Гадаад харилцааны яамны зүгээс уг асуудлыг олон удаа, янз бүрийн түвшинд хөндөж, визтэй иргэдийг хил дээр үндэслэлгүй саатуулах, албадан буцаах явдлыг зогсоох, визний татгалзсан хариу авсан иргэд зургаан сарын хугацаанд дахин виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах, виз мэдүүлсэн иргэд хариу гартал паспортоо авч чадахгүй, зорчих эрх нь хязгаарлагдаж байгааг орлуулах хувилбар ашиглах, виз мэдүүлгийн процессыг манай улстай адилхан цахимжуулах зэрэг асуудлыг албан ёсоор тавьсан болохыг танилцууллаа. Мөн эмчилгээнд явж байгаа иргэд, тэдгээрийн асран хамгаалагчийн визийг шуурхай олгож байх, албан ажлаар явж байгаа бизнес эрхлэгчдийн визийг саадгүй болгох асуудлуудыг БНСУ-ын талд тавиад, ажиллаж байгаа. Энэ төрлийн асуудлуудыг Хууль зүйн яам нь шийддэг бөгөөд нэлээд өндөр түвшинд яригдаж, визийн хөнгөлөлтүүдийг шат дараатайгаар олгоно хариу ирүүлээд байгаа талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан.


Дээрх тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Тулга, П.Наранбаяр, Д.Цогтбаатар, Э.Болормаа, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Б.Батцэцэг сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Г.Тэмүүлэн нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Олон улсын нөхцөл байдлын өөрчлөлттэй уялдуулан Монгол Улс үндэсний аюулгүй байдал болоод гадаад бодлогынхоо үзэл баримтлалаа шинэчлэх шаардлагатай эсэхэд дүн шинжилгээ хийх, гадаад харилцааны хууль эрх зүйн орчныг сайжруулах, бэхжүүлэх, засаглал, тогтолцоогоо өнөө, ирээдүйн нөхцөл, төлөв байдалдаа нийцүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа гишүүд илэрхийлж байв. Түүнчлэн салбарын хүний нөөцийн бодлогоо төлөвлөж, дипломат ажилтнууд, мэргэжилтнүүд бэлтгэдэг сургуулиудаа бэхжүүлэх, мэргэжилтнүүдээ мэргэшүүлэхэд анхаарч, Дипломат академи байгуулах боломжийг судлах саналыг хэлж байв.


Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв. Холбогдох танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцууллаа.

Засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан “Хууль, тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих нийтлэг журам”-ын 6-д заасны дагуу цахим системд хяналтад байгаа Улсын Их Хурлын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хамаарах 23 шийдвэрийн 121 заалтын биелэлтэд 2025 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүнг танилцуулж байгаагаа дурдсан.

Хяналт шинжилгээ үнэлгээг Засгийн газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сангаас шат дараалал, цахим санд ирүүлсэн тайлан, мэдээллийн өгөгдлийн санг ашиглаж гаргасан бөгөөд анхан шатын нэгжээс шат дараалсан үнэлгээний тайланд нэгтгэсэн үнэлгээг хийж гүйцэтгэсэн гэв. Энэ үйл явцад яам, агентлаг, орон нутгийн төлөөллийг оролцуулснаас гадна Канадын “Мерит” төсөл, ЮНИСЕФ, Удирдлагын академийн зөвлөхүүдээс арга зүйн дэмжлэг, зөвлөмж, саналыг тусган ажилласан байна. Ингэснээрээ анх удаа бүх шатны оролцоог хангасан арга хэмжээ болсон хэмээн Б.Энхбаяр сайд онцоллоо.

Ажлын бүтээмж, үр дүнг нэмэгдүүлэхэд технологийн дэвшлийг ашиглаж, тус Байнгын хороонд хамаарах шийдвэрийн биелэлтэд хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийсэн гэлээ.

2025 оны жилийн эцсийн байдлаар Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 23 шийдвэрийн 121 заалтыг яам, агентлаг, аймаг, нийслэлд хэрэгжүүлж ажилласан нь 72.1 хувьтай дүгнэгджээ. Нийт 66 заалт хэрэгжсэн, 38 заалт хэрэгжих шатанд байгаа аж. Үүнээс удаашралтай буюу эрчимжүүлэх шаардлагатай 12 заалт, хэрэгжээгүй 14 заалт байгаагийн 13 нь удирдлага, зохион байгуулалтаас, нэг нь санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалсан гэлээ. Мөн хугацаатай өгөгдсөн, оны төгсгөлд гарсан буюу хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй 3 заалт байгааг танилцууллаа.


2025 оны жилийн эцсийн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн бүрэн хэрэгжсэн, бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй болсон, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан, тухайн шийдвэр хүчингүй болсон зэрэг шалтгаанаар 66 заалтыг Засгийн газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сангийн хяналтаас хасах үндэслэлтэй гэж үзэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байгаагаа тэрбээр хэллээ. Тайлант онд хэрэгжээгүй шийдвэрүүд нь төрийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт хангалтгүйгээс шалтгаалсан болохыг дурдаад “Тухайлбал төрийн байгууллагуудын түвшинд хариуцлагын тогтолцоо хангалттай бүрдээгүй, салбар хоорондын ажлын уялдаа сул, олон удаагийн бүтцийн өөрчлөлт хийгдсэн, төсөв, хөрөнгө оруулалтын эрэмбэ дараалал хангалтгүй, бодлогын болон хүний нөөцийн тогтворгүй байдал зэрэг нь хууль тогтоомжийн биелэлтэд сөргөөр нөлөөлж байна. Иймд Монгол Улсын хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийн 2025 оны жилийн эцсийн тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хэд хэдэн арга арга хэмжээ авахыг даалгасан” гэлээ.

  • Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг ханган, бодитой үр дүнтэй хэрэгжүүлэх;
  • Салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, иргэдийн ахуй амьдрал болон салбарын хөгжлийн үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлж буйг үнэлж тооцож ажиллах;
  • Xууль тогтоомж, тогтоол шийдвэрийн төслийг боловсруулахдаа зохицуулалт утга агуулгын хувьд давхардал, хийдэл, зөрчилтэй шийдвэр гаргахгүй байх;
  • Cанхүүгийн эх үүсвэрийг тусгах;
  • Xэрэгжилтийн шалгуур үзүүлэлт хэрэгжихүйц байхад анхаарах;
  • Дижитал хяналт, их өгөгдөлд суурилсан үнэлгээ хийх;
  • Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлтийг бодит цагт хянах, ил тод болгох чиглэлээр цахим шинэчлэл хийх санал боловсруулж танилцуулах;
  • Хууль тогтоомжийг хангалтгүй хэрэгжүүлсэн албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгасан байна.

Цаашид төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлтийн талаар баримтлах бодлогыг эргэн харах, шинэчлэх, сайжруулах үндэслэл нэгэнт бий болсон хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэмдэглээд, хууль тогтоомжийн биелэлттэй холбоотойгоор Улсын Их Хурлын түвшинд ч анхаарах асуудлууд байна хэмээсэн.

Тухайлбал, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог, сонгогддог байгууллагуудад үүрэг даалгавар болгосон шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтийг тайлагнах үйл ажиллагааг гүйцэтгэх засаглалын байгууллагуудын түвшинд уялдуулах, нэгдсэн байдлаар тайлагнах боломжийг бүрдүүлэх, Улсын Их Хурлаас гарч байгаа шийдвэрийн талаар нэгдсэн бүртгэлийн систем үүсгэж, Засгийн газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сантай уялдуулах, гарч байгаа шийдвэрийг шуурхай дамжуулах, хяналтад авахад анхаарахыг хүсэв. Мөн Улсын Их Хурлын Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүдийн түвшинд шийдвэрийн хэрэгжилтийн явцыг цахим систем ашиглан улирал тутам танилцах боломжтой болгох, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил болон тухайн жилдээ бүрэн хэрэгжсэн болон бусад шалтгаанаар хяналтаас хасуулах шийдвэр заалтын талаар Засгийн газартай тогтмол хамтарч ажиллах шаардлага байна гэв.

Түүнчлэн хууль, тогтоомж, Улсын Их Хурлын тогтоол, Байнгын хорооны шийдвэр нь Засгийн газрын бодлогын баримт бичигт заасан зарим заалт, агуулгын хувьд давхцах, хуулиар ногдуулсан чиг үүргийг дахин тогтоол хэлбэрээр албажуулах зэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг дурдсан байв. Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Улсын Их Хурлаас Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон энэ хуулийн 10 дугаар зүйлд зааснаас бусад Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ээлжит чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө Улсын Их Хуралд ирүүлнэ” гэж заасан нь цаг хугацааны хувьд үр дүнд суурилсан хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхэд хангалтгүй байна хэмээн Б.Энхбаяр сайд танилцуулав. Иймд цаг хугацааг уян хатан байдлаар зохицуулах шаардлагатай гэлээ.


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хамаарах шийдвэрүүдийн биелэлтэд анх удаа хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийсэн бөгөөд нийт заалтад хуулиар ногдуулсан чиг үүргийг дахин үүрэгжүүлсэн заалт байхгүй, 35.5 хувь нь тогтоолын хэрэгжилтийг давтан баталгаажуулсан заалт байна гэв. 1.7 хувь нь бодлогын баримт бичигтэй агуулгын огтлолцолтой заалт байна гэв. Иймд Улсын Их Хурлын холбогдох бүтцийн нэгжтэй хамтран хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийх ажлыг улам боловсронгуй болгож, Улсын Их Хурлаас гарч байгаа шийдвэрийн биелэлт, үр нөлөө, хяналтыг сайжруулахаар хичээж байгаа гэлээ.

Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас хариулт авав. Тус тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурал хяналтаа хэрхэн хэрэгжүүлэх талаар Засгийн газраас чиглэл өгөх нь зохимжгүй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлээд, бүх түвшиндээ Үндсэн хуулийн байгууллыг хамгаалж, бэхжүүлэхийн чухлыг сануулсан.

Ийнхүү дээрх тайланг хэлэлцсэнээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээ