Хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар (2026.05.01) “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталсан билээ. Ингэснээр хууль зөрчсөн шийдвэр, шүүхийн хараат бус байдалд эргэлзээ үүсгэх нөхцөл, цагдан хорих таслан сэргийлэх хэт хэрэглээ, хүний эрхийн зөрчил нь системийн шинжтэй доголдол тул эдгээрийг арилгаж, хүний эрхийн суурь баталгааг хангах бодлого, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Энэхүү шийдвэрийн үр дүнд:
1. Өмгөөлөгчгүйгээр байцаах, мэдүүлэг авахыг бүрэн таслан зогсооно.
2. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хязгаарлана.
3. Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол мэдүүлгийг нотлох баримтад тооцохгүй байх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
4. Хэрэг хаах, сэргээх, хөөн хэлэлцэх хугацаа тооцох асуудлаар нэгдсэн тайлбар, аргачлал баталж мөрдүүлнэ.
5. Прокурор, мөрдөгч, цагдаагийн алба хаагчдын ажлын гүйцэтгэлийг хүний эрхийн шалгуур үзүүлэлтээр үнэлдэг болно.
6. Гэрч, хохирогчийг хамгаалах, хохирол барагдуулах бие даасан тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчинг бий болгоно.
7. Хохирсон иргэдийн эрхийг сэргээж, нөхөн төлбөр олгохоос гадна нийгэм, эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлнэ.
8. Хохирогчдод олгох нөхөн олговрыг эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн этгээдээр төлүүлдэг болно.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь “тэнцвэр алдагдсан”, “яллах чиг баримжаа давамгайлсан” тогтолцоог өөрчилж, цогц шинэчлэл хийх саналыг Засгийн газраас боловсруулж, УИХ-д танилцуулах юм.
Тогтоолын хэрэгжилтэд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хяналт тавьж ажиллах бөгөөд жилд нэгээс доошгүй удаа Хяналтын сонсгол явуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English