Цэс

Холбоо барих

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Өвөрхангай аймагт ажиллаж, хүүхэд хамгааллын нөхцөл байдалтай танилцан хэлэлцүүлэг зохион байгуулав


УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргалаар ахлуулсан баг 2026 оны 05 дугаар сарын 18-нд Өвөрхангай аймагт ажиллаж, Хүүхэд хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцаж, хүүхэд хамгааллын тогтолцоон дахь тулгамдаж байгаа асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явууллаа. Тус аймаг нь хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр олон шинэ санаачлагыг орон нутагт анх удаа, үр дүнтэй хэрэгжүүлсэн онцлогтой юм. Тухайлбал, одоогоос 25 жилийн өмнө сум, багууддаа хүүхдийн ажилтны орон тоог бий болгож,  хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг нэвтрүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тээвэрлэх үйлчилгээ, хүүхдийн оролцоог хангах тогтолцоог бүрдүүлэх, хүйтний улиралд хурдан морины уралдааныг хориглосон шийдвэр гаргасан зэргээрээ анхдагч аймагт тооцогддог ажээ.



"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 25 дахь илтгэл"-д тусгасан "Хүүхэд хамгааллын тогтолцоонд тулгамдаж буй зарим асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын дарга С.Бямбацогт нээж, цахимаар хэлсэн үгэндээ, хүний эрхийн илтгэл болон УИХ-ын шийдвэрүүдийн хэрэгжилтийн биелэлтийг хангуулах, хүүхэд хамгааллын асуудлыг орон нутагт хэлэлцүүлж, бодит шийдлийг боловсруулах нь чухал ач холбогдолтойг онцоллоо. 





Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн ЕБС-иудын сурагчид оролцож, өөрсдийн эрх зөрчигдөж буй асуудлаар дуу хоолойгоо хүргэлээ. Тэд хичээл сургуульдаа явахдаа харанхуй, гэрэлтүүлэг муутай газраар, явган хүний зориулалтын бус замаар, айдастай зорчдог, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин хомс, сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт элбэг, насанд хүрэгчдийн архидалт түгээмэл байдаг нь зэрэг асуудал нь айдас дагуулж, сэтгэл зүй болоод аюулгүй байдалд сөрөг нөлөөтэйг дурдаж байлаа. 



Хэлэлцүүлгийн үеэр хүүхэд хамгааллын тогтолцооны асуудлаар танилцуулсан илтгэлд байгууллагуудын уялдаа холбоо сул, мэдээлэл солилцоо хангалтгүй, орон нутагт үйлчилгээний хүртээмж дутмаг, мэргэжлийн хүний нөөц, санхүүжилт хүрэлцээгүй, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сул байгааг дурдсан бөгөөд хүүхдийн асуудлыг хүүхдүүдийн дуу хоолойд тулгуурлан шийдвэрлэх, асуудал гарсны дараа бус урьдчилан сэргийлэхэд чиглэх шаардлагатайг онцолсон юм. 



Мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагааг танилцууллаа. Уг төв нь хамгаалах байр ажиллуулах, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, сургалт, нөлөөллийн ажиллагаа явуулж, хохирогчдод бодит дэмжлэг үзүүлдэг бөгөөд цаашид үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх, орон нутагт хамгаалах байр, зөвлөгөө өгөх төвийг өргөжүүлэх, төр болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэв. 

Энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд орон нутгийн удирдлагуудын гүйцэтгэлийн гэрээнд хүүхдийн оролцоог тусгах, аймаг, сумдын түвшинд хүүхдийн орчны үнэлгээнд тулгуурласан төлөвлөлт хийх, хувийн хэвшлийн оролцоог “Бизнес ба Хүний эрх” зарчмаар нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг дэмжих санхүүжилтийг өсгөх, урьдчилан сэргийлэх үүднээс сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох зэрэг асуудлаар нэгдсэн санал боловсруулж, бодлого, шийдвэрт тусгуулах нь зүйтэй гэж үзлээ. 



Томилолтын үеэр Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төлөөлөлтэй хамтран зарим айл өрхийн амьжиргаа, хүүхдийн өсөж торниж буй орчин, нийгмийн үйлчилгээний хүртээмжийн үнэлгээг хийлээ. Холбогдох байгууллагууд хамтран зүй ёсны дэмжлэг, үйлчилгээг үзүүлэх шаардлагатайг үнэлгээний дүн илтгэсэн тул арга хэмжээ авахаар шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ