Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.19) Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, Б.Уянга, С.Эрдэнэбат нарын хамт Монголбанкны үйл ажиллагаатай танилцав.
Уулзалтаар Улсын Их Хурлын дарга, зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд амины орон сууц, тэр дундаа халаалтаа сэргээгдэх эрчим хүч болон цахилгаанаар шийдсэн сууцанд ипотекийн зээл олгодог болох асуудлын шийдлийг богино хугацаанд танилцуулахыг Монголбанкны удирдлагад чиглэл болголоо.
Банкны системийн байдал хэвийн, үйл ажиллагаа, хөрөнгө эх үүсвэр хангалттай байгааг Төв банкныхан мэдээлсэн. Арилжааны банкуудад зээл олгох боломж байхад нөгөө талд иргэдэд ипотекийн зээл олдохгүй, зээлийн хүсэлт ирүүлсэн 45 мянган иргэн хүлээж байгааг УИХ-ын дарга хэлээд, энэ асуудлаар тодорхой бодлого, шийдэл танилцуулахыг үүрэг болголоо. Мөн зээлийн хүүг бууруулах чиглэлээр урт, дунд хугацааны бодлогоос гадна богино хугацаанд асуудлын шийдэл чухал байгааг онцлов.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хэлэхдээ, “Өнөөдөр ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлын нэг нь өрхийн орлого нь зарлагаа дийлэхгүй байгаа явдал. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад бага орлоготой иргэдийн сарын хэрэгцээ орлогоосоо 400-500 мянган төгрөгөөр дутагдаж байна. Иргэд энэ дутагдсан орлогоо нөхөхийн тулд өндөр хүүтэй зээл авч байна. Бүр жилийн 50 хувь давсан хүүтэй аппликэйшний зээл авдаг иргэд нэмэгдсэн. Тиймээс инфляцыг хөөрөгдөхгүйгээр эдийн засгаа тэлэх, зээлийн хүүг бууруулах асуудал чухал” хэмээв.
Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөө хуралдуулж, Засгийн газартай бодлогоо уялдуулахаас эхлээд богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг хэллээ.
Үргэлжлүүлэн, Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк зэрэг банкуудын хохирлыг төлүүлэх, өндөр цалин, тусгай хангамжтай эрх хүлээн авагчид томилсон ч тэдгээр банкуудын барьцаанд ирсэн хөрөнгийг үнэгүйдүүлж, үзэмжээрээ нааш цааш шилжүүлж, үр ашиг, үнэ цэнгүй болгож байна гэсэн шүүмжлэл байдаг. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарч, Нийгмийн даатгалын сан, төрийн өмчит компаниуд зэрэг төрийн мөнгийг яаралтай төлүүлэх чиглэлээр шуурхай ажиллах үүрэг чиглэлийг Улсын Их хурлын дарга өгөв.
Монгол банкны холбогдох албаныханы өгсөн мэдээллээр банкны системийн нийт актив 84.8 их наяд байгаа бөгөөд нийт зээлийн хэмжээ нь 44,8 их наяд бол тус салбарын цэвэр ашиг нь 306,3 тэрбум төгрөг байгаа аж. Түүнчлэн Монгол банкны удирдлагууд зээлийн хүүг бууруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English