Цэс

Холбоо барих

Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг олон нийт, салбарын мэргэжилтнүүд, оролцогч талуудаар хэлэлцүүллээ

Монгол Улсад нийгмийн ажил үйлчилгээний нэгдмэл бодлого, мэргэжлийн уялдаа холбоо, салбар бүрийн эрх зүйн зохицуулалтад хавсарга маягаар тусгагдан, харилцан адилгүй хэрэгжиж байна. Үүний улмаас нийгмийн ажил, үйлчилгээний хүртээмж хангалтгүй байж, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг эмзэг бүлгийн эрх ашиг зөрчигдөх эрсдэл өндөр хэвээр байгааг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг танилцуулахдаа онцоллоо.

Өнгөрөгч 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр О.Саранчулуун нарын 24 гишүүн санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, мэргэжилтнүүд, судлаач нар, оролцогч талуудын санал авах хэлэлцүүлэг өнөөдөр (2026.06.10) боллоо. Хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэний дагуу Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байгаа юм. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, О.Батнайрамдал, Ж.Баясгалан, М.Нарантуяа-Нара, М.Сарнай, Л.Энхнасан нар ажиллаж байна.

Олон нийтийн хэлэлцүүлгийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг удирдан явуулж, танхимаар болон цахимаар нийтдээ 120 орчим хүн оролцож буйг танилцуулсан юм. Төрийн бодлого, үйл ажиллагаа нийгмийн хүртээмж, хамгааллын талаар хэр оновчтой, зөв байна вэ гэдэгт дүгнэлт хийх цаг болсныг тэрбээр хэлж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх хамгаалал, нийгмийн эмзэг бүлэгтэй холбоотой сүүлийн үеийн статистик үзүүлэлтүүд анхаарал татах хэмжээнд хүрснийг дурдаад, хуулийн төсөл боловсруулах хүрээнд Улсын Их Хурлын гишүүд ихээхэн чамбай ажилласныг тэмдэглэв.

Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулахдаа нэг стандарт, нэг арга зүй, нэг хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх үзэл санааг баримталснаа хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун онцлон хэлж, үндсэн гурван томоохон зохицуулалтыг хуульд тусгасныг танилцууллаа. Олон улсын жишгийн дагуу мэргэжлийн холбооны тогтолцоог бий болгох, тус холбоо нийгмийн ажилтны эрх ашгийг хамгаалах, ёс зүйн хяналт, мэргэжлийн хөгжил, бүртгэл, чанарын баталгаажуулалтыг эрхлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Мөн нийгмийн ажил, үйлчилгээг нарийвчлан тодорхойлж, шууд болон шууд бус үйлчилгээ, түүний ялгаа заагийн тогтоон, тодорхойлолт, төрөл, үе шат, баримтжуулалтыг нэг бүрчлэн хуульчилж буй юм. Нийгмийн ажлын үйлчилгээний баримтжуулалтын үе шатанд хувь хүний мэдээлэл, аюулгүй байдал, нууцлалын шаардлагыг хангасан мэдээллийн сан бүрдүүлэхээр тусгасан нь гурав дахь том зохицуулалт гэдгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун тодорхой тайлбарлав.

Хууль санаачлагчийн танилцуулгыг дэлгэрүүлж, нийгмийн ажил, үйлчилгээний тодорхойлолт, түүний тогтолцоо, хүрээ, үе шат болон нийгмийн ажил үйлчилгээний дэд бүтцийг төсөлд хэрхэн тусгасан талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Социологи, нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор, доктор А.Батхишиг танилцуулсан бол нийгмийн ажлын Мэргэжлийн холбооны болон нийгмийн ажилтны эрх зүйн байдал, нийгмийн баталгааны талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн ажлын бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч С.Учрал илтгэлээ. Нийгмийн ажилтны эрх зүйн байдал, баталгааны асуудлыг хуулийн төсөлд эвлэлдэн нэгдэх, эрх үүргээ хамгаалуулах, үйл ажиллагааны холбогдох дүрэм, стандарт, мэргэжлийн нэгдсэн удирдлага, сургалт, арга зүйгээр хангагдах зэрэг харилцааны хүрээнд тусгасан байна.

Төсөлд тусгасан гол зохицуулалтуудын нэг болох мэдээллийн сангийн модулиуд, тэдгээрийн харилцан холбогдох, ажиллах зарчим, системийн шаардлага, дэд бүтцийн архитектур, загвар ямар байх талаар Үндэсний дата төв Улсын төсөвт үйлдвэрийн газрын Их өгөгдөл, систем нэгтгэлийн газрын дарга Э.Баттөр цахимаар танилцуулга хийсэн бол Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сургалт, мэдээлэл арга зүйн хөтөлбөрийн зохицуулагч З.Ундрах манай улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд иргэний нийгмийн буюу олон нийтийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж, олон жилийн турш мэргэжлийн түвшинд ажиллаж ирснийг ярилаа. Тэрбээр хуулийн төсөлд иргэний нийгмийн байгууллага, тэнд ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын асуудлыг орхигдуулсан гэж үзэж байгаагаа хэлж, энэ нь хүний нөөцийн хомсдол үүсгэж болзошгүйг анхааруулсан юм. Төрийн болон хувийн, олон нийтийн байгууллагын алинд ажиллаж байгаагаас үл шалтгаалан мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нийгмийн ажилтанд хууль тэгш үйлчлэх ёстойг тэрбээр сануулж, тэдний эрх, нийгмийн баталгааг хангах, төлөөллийн тогтолцоонд ижил тэгш хамрагдах боломжийг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

Үндсэн илтгэлүүдийг сонссоны дараа хэлэлцүүлэгт цахимаар болон танхимаар оролцогчид асуулт асууж, санал бодол, байр сууриа илэрхийлж үг хэлэв. Сургуулийн  нийгмийн ажилтны мэргэжлийн холбооны тэргүүн Б.Мөнхжаргал мэргэжлийн байх шаардлагын талаар тодруулж, энэ ажлыг олон жил хийж, салбарын суурийг тавьсан бакалаврын зэрэгтэй хүмүүсийг “мэргэжлийн бус” гэж үзэх нь учир дутагдалтай талаар саналаа хэлэв. Мөн тэрбээр ажилтанд ногдох үйлчлүүлэгчдийн тоог хэрхэн тогтоож буй болон энэ талаар олон улсын жишиг ямар байгааг асууж, хариулт авлаа. Сонгинохайрхан дүүргээс цахимаар оролцсон Н.Хөхөө мөн мэргэжлийн шаардлагыг талаар асууж, мэргэжлийн холбооны сургалт, чадавхжуулалтын үйл ажиллагааг онол, практик хослуулсан аргаар явуулах, мэдээллийн сан бүрдүүлэх ажил нийгмийн ажилтнуудын ажлын ачааллыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарч, нийгмийн баталгааны асуудал, хувь хүний хөгжилд дэмжлэг үзүүлэх талаар хуулийн төсөлд илүү тодорхой тусгах нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Мэргэжлийн нийгмийн ажилтны холбооны судлаач Н.Нямдорж хуулийн зорилго нь зөвхөн нийгмийн ажилтны эрх ашгийг хамгаалах бус, иргэд чанартай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд орших ёстойг дурдаад, нийгмийн ажил, үйлчилгээг зөвхөн мэргэжлийн хүмүүс эрхлэх зарчмыг дэмжиж, халамжийн ажилтнуудтай адилтгаж ойлгодог буруу хандлагыг өөрчлөх шаардлагатайг тэмдэглэсэн юм. Тэрбээр нийгмийн ажилтны мэргэжлийн бие даасан байдлыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах зохицуулалтыг хуулийн иөсөлд нарийвчлан тусгаж, эрсдэл, ачааллыг тооцох нь зүйтэй гэлээ. Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг ядуу болон эмзэг бүлгийн хүүхдүүдийн боловсрол эзэмших эрхийг хангахад нийгмийн ажлын үйлчилгээ онцгой ач холбогдолтой бөгөөд урт хугацаандаа ядуурал, ажилгүйдлийг бууруулах үр нөлөөтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Нийслэлийн Боловсролын газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ боловсрол, эрүүл мэнд, халамжийн салбаруудын онцлогийн хуульд тусгах, салбар хоороондын хамтын ажиллагааг сайжруулах, нэг ажилтанд ноогдох үйлчлүүлэгчийн тоог стандартчилах, мөн сэтгэлзүйн дэмжлэг, зөвлөх үйлилгээний тогтолцоог хөгжүүлэх шаардлагатайг ярив. 29 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан С.Сосорбурам хүүхэд хамгааллын санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах хэрэгцээ шаардлага байгааг хэлж, дохионы хэлний болон тусгай хэрэгжээтэй хүүхэдтэй ажиллах ур чадварын сургалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн ажилтнаар ажиллах боломжийг дэмжих, илүү цагийн болон ажлын бус цагийн хөдөлмөрийн үнэлгээг хуулийн төсөлд тусгаж батлах хэрэгтэй гэсэн юм. “Хөөрхөн зүрх” ТББ-ын кейс менежер Ц.Баасаннямбуу нийгмийн ажлын үйлчилгээ мэргэжлийн байх шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, судалгаанаас үзэхэд мэргэжлийн бус ажилтнууд асуудлыг шийдвэрлэхээс илүү халамжийн арга хэмжээнд төвлөрөх хандлагатай байдгийг жишээлэв. Тэрбээр нийгмийн ажлын үйлчилгээний чанар, ёс зүйг сайжруулж, хүртээмж, баталгаатай байдлыг нэмэгдүүлэх, мөн магадлан итгэмжлэлийн зохицуулалтыг нарийвчлан хуульчлах нь зүйтэй гэлээ. АШУҮИС-ийн багш Ц.Мөнхнасан ёс зүй, хариуцлагын асуудлыг хөндөж, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх болон ажилтны мэргэшсэн байдлыг үнэлэх тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон бол Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн нийгмийн ажилтан н.Сурмаа өнөөдөр манай нийгмийн ажилтнууд 10 000-аас дээш хүн амд үйлчилж байгаа нь олон улсын зөвлөмжөөс хэд дахин өндөр ачаалалтай байгааг дурдаж, энэ талаар норматив тогтоох, цахимжуулах замаар ажлын ачааллыг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангах талаар тодорхой зохицуулалтыг хуулийн төсөлд тусгуулах саналтай байгаагаа хэлэв. Мөн “Гүнж төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Эрдэнэцэцэг нийгмийн ажилтнуудын хөгжилд анхаарч, албан тушаалын шатлал бий болгох, үйлчлүүлэгчийн эрх, зөвшөөрлийн асуудал болон хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд тусгах, магадлан итгэмжлэлийн давхардлыг арилгах, мэргэжлийн холбоонд хэт их эрх мэдэл төвлөрөхөөс сэргийлэх зэрэг ажил хэрэгч санал дэвшүүллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, О.Саранчулуун болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд тодорхой хариулт, тайлбар өгсөн юм. Хуулиар нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн суурийг бүрдүүлэхийг зорьж буйгаа Улсын Их Хурлын гишүүд тайлбарлаж, бүх асуудлыг нэг дор шийдэх боломжгүй ч эрх зүйн үндэс суурийг сайн тавих нь чухал гэдгийг онцолж байлаа. Хэлэлцүүлэгт оролцогчид болон бусад бүхий л оролцогч талууд, салбарын мэргэжилтэн, судлаачдын санал, шүүмжлэл, зөвлөмжийг аль болох өргөн хүрээнд авч, хуулийн төсөлд тусгах талаар нарийвчлан судалж, эрчимтэй ажиллахаа ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээ