Цэс

Холбоо барих

“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ


Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр /2026.06.15/ эхэллээ. Ерөнхий хяналтын сонсголд тус Байнгын хорооны гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Л.Мөнхбаясгалан, Ч.Номин, Д.Үүрийнтуяа, Т.Аубакир, Ж.Батсуурь, П.Ганзориг, Б.Мөнхсоёл, Г.Тэмүүлэн, Р.Батболд, Х.Болормаа, Х.Ганхуяг, Н.Наранбаатар, Д.Цогтбаатар нар ирснээр 54.2 хувийн ирцтэйгээр 10 цаг 25 минутад эхэлсэн. Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал даргалсан.


Сонсгол даргалагч гишүүдийн ирц, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан сонсголын дэг, журмыг танилцуулав.

Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа өнөөдрийн сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэжээ.


Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна ажиглагчаар оролцохоор 1 иргэн, төрийн болон төрийн бус төрийн байгууллагын төлөөлөл 72, иргэдийн төлөөлөл 19 нийт 92 хүн оролцов.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно.” гэж заасны дагуу Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон парламентын цахим сувгаар шууд дамжуулахын зэрэгцээ хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байлаа.


Сонсголын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан “Нийслэлийн төсвийн уялдаа, санхүүжилтийн эх үүсвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх болон анхаарах асуудлууд” сэдвээр танилцуулга хийв. 


Тэрбээр энэ үеэр улсын төсөв, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх чиг үүргийн талаар тодорхой зааг байдаггүйг онцлоод нийслэлийн орлого, зарлага, алдагдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.


Нийслэл Улаанбаатар хотын төсвийн алдагдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа аж. Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсөж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал эзлэх хувь 2024 онд 29.5, 2025 онд 68.1, 2026 оны төлөвлөгөөгөөр 2.4 их наяд төгрөгт хүрч байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод энэхүү зардлын өсөлт нь нэгдсэн төсвийн алдагдалд нөлөөлж байгаа учраас цаашдаа төсвийн зардлыг нийслэл дээр хянах тогтолцоог Төсвийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын хуульд тодорхой тусгах нь зүйтэй гэв. Учир нь байдал ийн үргэлжилбэл төсвийн алдагдлаа барихын тулд нийслэлийн зардал, санхүүжилтийг хязгаарлах байдал руу орно гэдгийг З.Мэндсайхан сайд онцолж байлаа.

Дараа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн төсөв 2024-2026 он” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, сүүлийн гурван жилийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн томоохон төсөл, арга хэмжээ, үнэт цаас, түүний зарцуулалт, эргэн төлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.


Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөвт 25 нэр төрлийн орлого төвлөрч байгаагаас 17 нэр төрлийн татварын орлого, найман нэр төрлийн татварын бусад татвар эзэлж байна. 2022 оны төсвийн жилээс эхлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг нийслэлийн төсвийн тодорхойлолтоор хуульчилсантай холбоотойгоор нийслэл, дүүргийн төсвийн орлогод томоохон өөрчлөлт орсныг Нийслэлийн Засаг дарга танилцуулгадаа дурдсан.

2024-2026 онд хийсэн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг авч үзвэл 2024 оны гүйцэтгэл 1 их наяд 811,4 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 4 их наяд 657.2 тэрбум төгрөгт хүрэхээр төлөвлөгдсөн нь үнэт цаасны хөрөнгө оруулалтын томоохон төсөл арга хэмжээ, мега төсөв нэмэгдсэнтэй холбоотой байгааг тодотгов.

Төсвийн хөрөнгө оруулалт, үнэт цаасны талаарх холбогдох мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.



Үргэлжлүүлэн “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, эх үүсвэр, шийдвэр гаргалт ба хэрэгжилтийн явц хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх дүгнэлт”-ийн талаар шинжээч Ц.Хосжаргал, Т.Мөнхбат нарын илтгэлийг сонсов. Уг илтгэлд нийслэл 2024, 2025 оны анхны баталсан төсвийг жил бүр дөрвөн удаа тодотгол хийсныг дурдаад алдагдлыг нэмэгдүүлсэн нь тодотгол хийх хуулийн үндэслэлтэй нийцээгүй гэж байлаа. 

Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр баталсан төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

 

Мөн илтгэлд нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр орлогын өсөлт 23.7 хувь байхад, зарлагын өсөлт 34.6 хувийн алдагдалтай байгаа нь төсвийн зарчмыг хэрэгжүүлээгүй байна. 2024 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан үнэт цаасны 43.2 хувийг ашиглаагүй нь тухайн эх үүсвэрээр санхүүжих төслийн бэлтгэл ажил хангагдаагүйтэй холбоотой. Баталсан төсөвтэй харьцуулахад төсвийн зарлагын гүйцэтгэл дунджаар 77.0 хувьтай байгаа нь төлөвлөсөн хөтөлбөр, арга хэмжээний биелэлт зорилтот түвшиндээ хүрсэн гэж үзэхээргүй байна. Зардлын өсөлт нь хөрөнгийн зардал болон бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамжийн өсөлттэй шууд хамааралтай байна гэж уг илтгэлд дурдсан байлаа.

Шинжээч эцэст нь нийслэл төсвийн төлөвлөлтөөсөө эхлэн хуульд нийцүүлж ажиллах шаардлагатай хэмээн дүгнэсэн юм.


Дараа нь “Нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн хэрэгжүүлж байгаа төслүүдийн цар хүрээ, зарцуулалт, ирээдүйн хөрөнгө оруулалтын нэгдсэн дүн”-гийн талаар Нийслэлийн өмчийн газрын дарга В.Оюумаа танилцуулсан.

Төсвийн төсөл, хөтөлбөрийг батлахтай холбоотой асуудалд төлөвлөлт, хэрэгжилтийн явц дахь нөхцөл байдалтай холбогдуулан дүн шинжилгээ хийсэн бөгөөд үүнийг 2024, 2025 оны аудитын дүгнэлт болон холбогдох бусад баримт бичгүүд дээр тулгуурласан гэдгийг тэрбээр тодотголоо. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа нийт 16 төсөл, арга хэмжээ байгааг дурдаад төсөл бүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.



Энэ талаарх мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.  



Мөн өдрийн сонсгол “Нийслэлийн өмчит, өмчийн оролцоотой болон хамаарал бүхий хуулийн этгээдүүд, тэдгээрийн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд хийсэн дүгнэлт”-ийг шинжээч Ч.Мөнхбаатар, Б.Энхчимэг нар танилцуулсан. 


Шинжээчдийн хийсэн дүгнэлт, зөвлөмжийг  доорх зурагнаас харна уу.


Дараа нь “Нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдийн шийдвэр гаргалт, хэрэгжилтийн явц, эрсдэлийн дүгнэлт”-ийн талаар шинжээч С.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар танилцуулсан. Уг илтгэлд нийслэлээс хэрэгжүүлж буй 16 мега төсөл нь "Алсын хараа 2050","Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогуудтай шууд утгаараа бүрэн уялдсан байна. Гэвч ихэнх төслүүд нь техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, зураг төсөл гаргах зэрэг бэлтгэл ажлын шатандаа байна. Мөн нийт 28.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий төслүүдийн санхүүжилтийн гүйцэтгэл ердөө 5 хувь буюу 1.4 их наяд төгрөгт байна. Улмаар нийт төсөвт өртгийн 66.0 хувь буюу 19.1 их наяд төгрөгийг гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэхээр төлөвлөсөн ч энэ нь одоогоор бүрэн баталгаажаагүй байгаа нь төслүүд зогсох, хугацаа сунжрах үндсэн эрсдэл болж байна гэж шинжээчид дүгнэлтдээ дурдсан байлаа.


Мөн санхүүжилтийн шийдвэрлэлт удааширснаас болж бэлтгэл шатанд зарцуулсан 129.4 тэрбум төгрөгийн зардал үр ашиггүй болох, улмаар төслийн төсөвт өртөг инфляц болон бусад хүчин зүйлээс шалтгаалан нэмэгдэх бодит аюул нүүрлээд байна. Мега төслүүдийг хэрэгжүүлэх шийдвэр гаргалт, эрсдэлийн удирдлагын систем бүрэн төлөвшөөгүй, дотоод хяналтын тогтолцоо жигдрээгүй байгаа нь төслүүдийг олон улсын стандартын дагуу үр дүнтэй удирдахад саад болж байна гэж дүгнэсэн байлаа.


Дараа нь “Нийслэлийн төсвийн захиран зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт дэх хууль эрх зүйн асуудлууд”-ын талаар шинжээч Б.Энхчимэг танилцуулсан.

Уг илтгэлд цаашид анхаарах гол эрх зүйн эрсдэлүүдийн талаар онцолсон байлаа. Тухайлбал, бодлого, төсөв, төлөвлөлтийн уялдааг төсөвт тусгахаас өмнө урьдчилсан шалгуураар баталгаажуулах, ТЭЗҮ, зураг төсөв, газар, зөвшөөрөл, магадлал, урсгал зардал, техникийн тодорхойлолт, сонсголын бүрдлийг төсөл, арга хэмжээг батлах үндсэн нөхцөл болгох, хуулийн этгээдийн хэрэгцээ, зах зээлийн үндэслэл, гэрээний механизм, чиг үүргийн давхардлыг тусгайлан хянах, НИТХ-ын төлөөлөгчдийн ашиг сонирхлын зөрчил мэдүүлэх, татгалзан оролцох баримтыг төсөв, хөрөнгө оруулалтын шийдвэр бүрд ил тод болгох, аудитын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох тогтолцоог бодитоор хэрэгжүүлэх нь чухал гэдгийг анхааруулсан байлаа.


Үргэлжлүүлэн “Нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдийн төсвийн гүйцэтгэл, эдийн засаг, санхүүгийн шинжилгээнд хийсэн дүгнэлт”-ийг шинжээч В.Данаасүрэн танилцуулав.

Уг дүгнэлтэд санхүүжилтийн эх үүсвэрүүдийг бодитой шийдвэрлээгүй нөхцөлд мега төслүүдийг хэрэгжүүлэх нь төслийн хугацааг хойшлуулах, төсөвт өртөг хэтрэх, гадаад зээлийн ашиглалт муудах, зээл төлөхөд бэрхшээл үүсэх зэрэг сөрөг нөлөөтэйг онцлон тэмдэглэсэн байлаа. Мөн 2026 онд нийт 16 төслийн төсөвт өртгийн 22.3 хувийг зарцуулахаар төлөвлөсөн ч одоогийн байдлаар 0.8 хувийг зарцуулсан бөгөөд ижил чиглэлийн төслүүдийн нийлмэл нөлөөлөл ямар байхыг харгалзаж шийдвэр гаргаагүй, төслүүдийн эдийн засгийн шинжилгээнд зөвхөн эерэг нөлөөг анхаарснаас биш төслөөс үүдэн гарах байгаль орчны гэх мэт сөрөг нөлөөллийг зардал болгон тооцоололд оруулаагүй байна. Иймд Туулын хурдны зам зэрэг төслүүдийн эдийн засгийн өгөөж, өнөөгийн үнэ цэнийн тооцоо хэт өөдрөг гарсан байх магадлалтай хэмээн дүгнэлтдээ дурджээ.


Мөн шинжээчээс төлөвлөлт, батлах шат, ил тод байдал гэсэн гурван чиглэлд зөвлөмж хэлэв. Тодруулбал, төлөвлөлтийн хүрээнд Засгийн газрын тогтоолд заасан шаардлагуудыг бүрэн хангасан ТЭЗҮ-г боловсруулсан эсэхэд хяналт тавих, тендерийн шаардлагад тодорхой заах, эдийн засаг, санхүүгийн шинжилгээ хийхэд баримтлах тодорхой аргачлалыг санал болгож, бүх төслийн ТЭЗҮ-д ашигладаг болох, төсөвт үзүүлэх ачаалал, зээлийн эргэн төлөх боломжийг тусгасан шинжилгээг хийлгэх, ингэснээр шинжилгээний агуулга, тооцоолол, чанар сайжирч, итгэхүйц, харьцуулагдахуйц болно гэсэн байв.

Харин батлах шатанд хөрөнгө оруулалтын төслүүдийг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бодлогын баримт бичиг, төсвийн ачаалалтай уялдуулан эрэмбэлэлт хийдэг аргачлалтай болж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэр гаргахад ашигладаг болох. Үүний дүнд ач холбогдол өндөр, эдийн засаг, нийгмийн өгөөжтэй, төсөв, өрийн удирдлагад нийцсэн ачаалал, эргэн төлөгдөх хуваарь бүхий төслүүд батлагдана. Зээлийн ашиглалт сайжирна гэсэн байлаа. Түүнчлэн төслийн төсөвлөлт, зарцуулалтын тайлагналыг нийтэд ил тод болгох хуулиудын шаардлагыг хангаж ажиллах шаардлагатай хэмээн зөвлөмжид дурджээ. АНХААРАЛХАНДУУЛСАНД

Мөн энэ удаагийн сонсголд Авлигатай тэмцэх газраас “Нийслэлийн хөрөнгө оруулалтын төслүүдтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй хэргийн талаар нийслэлийн хэмжээнд 2024 оноос хойш хийсэн авлига ашиг сонирхлын талаарх судалгаа авсан арга хэмжээний талаар” мэдээлэл хийлээ. Авлигтай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал мэдээлэлдээ тус газраас прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын талаар зарим мэдээллийг өгөх зөвшөөрөл олгоогүй тул мөрдөн байцаалтад саад болохгүй, бусдын нэр хэлэхгүйгээр тодорхой мэдээллийг өгнө гэдгийг онцлон тэмдэглэв.


Улсын Ерөнхий прокурорын тушаалаар 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр холбогдох гурван байгууллагаас хамтарсан ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажил явуулж байна. Туулын хурдны зам нэртэй 2,3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалт, санхүүжилт олгохдоо нийтийн албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, “Шинэ тойрог” авто зам төслийн урьдчилсан ТЭЗҮ зураг, төсөв нэртэй 16,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер сонгон шалгаруулалт, “Сэлбэ” дэд төвийн орон сууц иж бүрэн цогцолбор хорооллын нийт 7 багц ажил зэрэг нийтийн тээврийн 6, автозамын салбарын 4, барилга, хот байгуулалтын дэд төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дэд бүтэц усны салбарын 5 төсөл, хөтөлбөр буюу нийт 24 төсөл байгаагаас 11-д нь санхүүжилт олгогдоогүй, 13 төсөл нь хэрэгжиж эхэлж байгаа буюу тодорхой хувийн санхүүжилт олгосон төслүүдийг шалгаж байна гэв. Шалгалтын явцад төсөл, хөтөлбөртэй холбоотойгоор 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан гээд одоогийн байдлаар найман хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан, гурван хүнийг цагдан хорьсон мэдээлэлтэй байна хэмээлээ.


Үргэлжлүүлэн тус газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон түүний харьяа байгууллагуудад хийсэн хяналт, шалгалтын тоон мэдээллийг хүргэсэн. Уг мэдээлэлд Авлигатай тэмцэх газраас 2024 онд нийслэлийн хэмжээнд томилогдохоор нэр дэвшсэн 1725 мэдүүлэг гаргагчийн урьдчилсан мэдүүлгийг хянасан байна. Үүнээс 80 мэдүүлэг гаргагч нь их хэмжээний өөрчлөлтийг хуулийн хугацаанд мэдүүлсэн. Их хэмжээний өөрчлөлт гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 198 сая төгрөгөөс дээш хэмжээний өөрчлөлтийг мэдүүлсэн байна. 2025 онд нийт 821 нийтийн албан тушаалтныг хянасан. Үүнээс 693 албан тушаалтныг зөрчилгүй гэж үзсэн, 98 албан тушаалтанд томилогдвол зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдал байгааг анхааруулсан. Зургаан албан тушаалтныг илт зөрчилтэй гэдэг мэдээллийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн. 2026 онд нийт 310 албан тушаалтны хөрөнгө орлого ХАСХОМ-ийг хянаж, үүнээс 257 нь зөрчилгүй, 22-ыг анхааруулж, 3 албан тушаалтныг илт зөрчилтэй гэдэг мэдээллийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн гэв.

Ингээд дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Д.Цогтбаатар, Ч.Лодойсамбуу, Б.Мөнхсоёл, Н.Алтаншагай, Р.Батболд, П.Ганзориг, П.Сайнзориг, Ж.Баярмаа, О.Батнайрамдал нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөвшөөрөл хэрэглэх тухай хуулийн 11.12-т “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно “гэсэн заалт буйг дурдаад тухайн төсөв баталж байх өөрийнх нь удирдаж байгаа байгууллагатай холбоотой шийдвэр дээр иргэдийн төлөөлөгчид мэдэгдэл хийн тэмдэглэл хөтөлж, оролцохоос татгалзсан асуудал гарсан эсэхийг илүүтэй тодруулж байлаа.


Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва хариултдаа, Авлигатай тэмцэх газраас мэдээлэл ирсний дараа томилгооны асуудлыг шийдвэрлэдэг гээд төсөл, хөтөлбөрүүд Төсвийн тухай болон холбогдох бусад хуулиар зохицуулагддаг. Иймд “Сэлбэ” дэд төв-ийн тухайд нээлттэй сонгон шалгаруулалтаар 8575 айлын 113 блок орон сууцыг долоон гүйцэтгэгч компани хийж байх жишээтэй. Бусад “Шар хад” дэд төв, “Баянхошуу” дэд төв, “Дамбадаржаа” дэд төв бүгд л хувийн компаниуд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, гүйцэтгэлээ хийгээд явж байгаа гэж байлаа.


Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас хуулийн дагуу төрийн өмчит хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орох төлөөлөгчдийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулдаг. Энэ үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг чадвар, ашиг сонирхлын зөрчилгүй зэрэг тодорхой шалгуур хангасан хурлын төлөөлөгчид, төрийн албан хаагчид хараат бус гишүүдийг оруулдаг гэх тайлбарыг ажлын хэсгээс өгсөн. НИТХ-аас төлөөлөгчдийнхөө нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажилладаг гэлээ.

Мөн гишүүд авто зам болон явган хүний замын хашлага байнга сольж буй талаар илүүтэй хөндөв.


Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат ТЭЦ IV-ийн авто замд өнгөрсөн жил хөнгөн хучилт хийсэн. Энэ жил ажил үргэлжилж байгаа тул хашлага  сольж байгаа гэв. 2025 онд нийт 97724м2 явган замыг шинэчлэх сонгон шалгаруулалт зарлаж аж ахуйн нэгжүүд шалгарсан. Үүнээс 48220м2 талбайг шинэчилж хүлээж авсан бөгөөд 2026 онд 69708м2 квадрат талбайг шинэчлэх ажлыг хэрэгжүүлж байна. Одоогоор 23328м2 талбайн ажлыг хийгээд байна. Өөрөөр хэлбэл, явган хүний болон авто замын шинэчлэлтэй холбоотойгоор хашлагыг сольж байгаа бөгөөд шинэчлээгүй замын хашлагыг огт солиогүй хэмээх тайлбарыг өгсөн.


Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг нийслэлийн төсвийн гүйцэтгэл, мега төслийн хэрэгжилтийн талаар нэг удаа яриад асуудал шийдэгдэхгүй, харин аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог системээр явуулан гажуудлыг засах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нийслэлийн 35 жилийн түүхэнд хамгийн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудыг хийж буй тул алдаа, оноо гарахыг үгүйсгэхгүй гээд цаашид асуудлаа нээлттэй ярилцаж сайжруулах нь чухал гэсэн байр суурийг илэрхийлсэн.


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Н.Алтаншагай, Ж.Баярмаа, Ж.Галбадрах, П.Сайнзориг нар үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд нийслэлийн ажлыг татаж авчраад болохгүй, бүтэхгүй байна гэж яриад байгаа юм  биш, харин яагаад ийм асуудал үүссэн талаар нийслэлийн холбогдох албан тушаалтнууд тунгааж бодох хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай төсөл, хөтөлбөртөө холбоотой иргэд, олон нийтэд мэдээллээ сайн өгч эргэлзээ тээнэгэлзээг нь тайлж байж томоохон төслүүд цаашаа үргэлжилнэ гэдгийг анхааруулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа цаашид хуульд нэмэлт, өөрчлөлтийг хийж эрх зүйн орчныг сайжруулахгүй л бол асуудлын шалтгаан нөхцөл арилахгүй, засаглалын хямрал болохоор байна гэсэн саналыг хэлж байлаа.


Ингээд сонсголыг хааж Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Ж.Золжаргал үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ сонсголын төгсгөлд сэдвийн хүрээнд санал, дүгнэлт боловсруулахыг дурдахын зэрэгцээ маргааш болох сонсголоор нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдээс "Туулын хурдны зам", "Сэлбэ 20 минут" гэсэн хоёр сэдвийг сонгон авч, холбогдох төрийн байгууллага, шинжээчдийн дүгнэлтийг танилцуулна гэдгийг онцолж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээ