Цэс

Холбоо барих

“Хиймэл оюуны хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

Улсын Их Хурлын Тамгын газраас албан хаагчид болон Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахуудад зориулан өнөөдөр /2026.06.22/ “Хиймэл оюуны хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нээж үг хэллээ. Тэрбээр, Улсын Их Хурал инновац, технологийн дэвшлийг ашиглах бодлогыг баримталж ирсэн бөгөөд энэ хүрээнд хиймэл оюуны технологийн тусламжтай хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн дүн шинжилгээ хийхэд шаардлагатай “бодлогын өгөдлийн сан” бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байгааг онцлов. Мөн сургалтад оролцогчдод хиймэл оюуныг ёс зүйтэй, аюулгүй ашиглах арга барилд суралцаж өөрийн болон ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийг хүсэв.

Тус сургалтыг Азийн сангийн Технологи, бодлого, инновац хариуцсан дэд захирал Тони Фридман хөтлөн явуулж, “Хиймэл оюуны тухай ойлголт”, “Claude хиймэл оюуныг өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах нь” сэдвээр мэдээлэл хүргэв. Түүнчлэн, “Хиймэл оюуны ёс зүйтэй хэрэглээ” Байгууллагын хиймэл оюуны бодлого” гэсэн илтгэл танилцууллаа.

Албан хаагчид хиймэл оюуныг хэрхэн ашиглаж байгаа, цаашид яаж ашиглавал үр дүнтэй байх талаар санал солилцож харилцан туршлагаа хуваалцав.

Энэ удаагийн сургалтаар хиймэл оюуны суурь ойлголтыг өгч, түүнийг ажлаа хөнгөвчлөх, өгөгдөлд шинжилгээ хийх, олон эх сурвалжаас мэдээлэл авч харьцуулалт хийх мэдлэгийг олголоо.

Тус сургалтыг Азийн сантай хамтран зохион байгуулсан бөгөөд 2021 оноос хойш тус сантай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдэд парламентын боловсрол олгох, албан хаагчдыг чадавхжуулах, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн.

Цаашид хиймэл оюуны сургалтыг Азийн сантай хамтран үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ