Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Наранбаатар, Д.Ганмаа, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, М.Энхцэцэг, Г.Хосбаяр, А.Ариунзаяа Д.Рэгдэл, П.Ганзориг, Б.Мөнхсоёл, М.Ганхүлэг, Д.Пүрэвдаваа, Б.Түвшин нарын 28 гишүүнээс санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв.
Хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд дэвшилтэт технологи, хиймэл оюуныг ашиглах, хувийн хэвшлийг дэмжих зохицуулалтыг бүрэн тусгаагүй нь хуулийн зорилго биелэх нөхцөлийг алдагдуулж, орчин цагийн шаардлагаар үүссэн цахим дэлгүүрт байршуулсан бараа, үйлчилгээ нь захиалагч байгууллагын хэрэгцээг бүрэн хангахгүй, мөн цар хүрээ өргөн, олон төрлийн бараа, ажил, үйлчилгээг нэгтгэн нэг этгээдээр гүйцэтгүүлэх, гэрээ байгуулах тендер шалгаруулалт зохион байгуулах боломжгүй болжээ. Мөн худалдан авах гэрээний эрх зүйн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх зохицуулалтыг цогц байдлаар тусгах, гомдол шийдвэрлэх ажиллагааг олон улсын сайн туршлагад нийцүүлж, төр болон иргэний нийгмийн байгууллагын хамтын оролцоотойгоор олонхоор хэлэлцэн шийдвэрлэдэг тогтолцоог бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсны улмаас хуулийн бүтэц, уялдаа алдагдан, үзэл баримтлалын хэмжээнд өөрчлөлт орсон байна.
Иймд хуулийн төслийн үзэл баримтлалын зорилгод тодорхойлсноор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг цаашид Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль гэж нэрлэж, шинэчилсэн найруулгын төсөлд дараах үндсэн асуудлыг тусгасан байна. Тодруулбал, төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зөвхөн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулиар зохицуулахаар тусгажээ. Төсөл, арга хэмжээний онцлог, үүссэн нөхцөл байдал, төсөвт өртгөөс хамаарч тендер шалгаруулалтын аргаа сонгож, худалдан авалтыг зохион байгуулах асуудлыг мөн тусгасан байна.
Худалдан авах ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд чанар, үнийн хосолмолоор гүйцэтгэгчийг сонгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Мөн өрсөлдөөнийг хязгаарладаг эрх зүйн зохицуулалтыг өөрчлөхөөр тусгаж, 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцоход баталгаа ирүүлэх шаардлагагүй бөгөөд баталгааны мэдэгдэл бөглөж, тендер илгээх боломжтой болох, татвар, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өр, төлбөртэй гэж оролцогчийн ирүүлсэн тендерээс татгалздаг байсан зохицуулалтыг өөрчлөхөөр тусгажээ.
Техник технологийн хурдтай хөгжлийг дагаж худалдан авах ажиллагаанд хиймэл оюун, технологийн дэвшлийг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ мэдээллийн технологи, интернэтэд суурилсан тендер шалгаруулалтын аргуудыг шинээр нэвтрүүлэхээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газраас санаачилсан дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг эх оронч худалдан авалтаар дэмжих зохицуулалт болон маргаан шийдвэрлэх тогтолцоог өөрчилж байнгын ажиллагаатай зөвлөлийг байгуулахтай холбоотой зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English