Цэс

Холбоо барих

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

2013 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот


Илтгэгч: Улсын Их Хурлын

гишүүн Б.Болор




Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгаас санаачлан 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулж байна.

Төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүд доорх санал гаргаж байсныг тэмдэглэж байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар төрийн гурван өндөр алба хашиж байсан хүмүүс хуулийн дагуу бүрэн эрхийн хугацаагаар төрийн тусгай хамгаалалтанд байгаа, түүний дараа томоохон аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгөх, их дээд сургуулиудад багшлах зэргээр улс төрд ажилласан туршлагаа ашиглан ажиллах нь зүйтэй, төсөлд хүний эрхийг хязгаарласан байгаа тул хуулийн төслийг дэмжих боломжгүй;

Улсын Их Хурлын гишүүн Б.Болор хуулийн төсөлд ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийн бизнес эрхлэх, компанид хувь эзэмших эрхийг хязгаарлах, ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөхөөр өөрсдийнх нь саналыг харгалзалгүй шууд томилохоор тусгасан нь учир дутагдалтай байгаа тул төслийг боловсронгуй болгон хэлэлцэх нь зүйтэй;

Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд төсөлд ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бүх хүмүүст насан туршийн цалин хангамж олгох нь боломжгүй, УИХ-ын даргыг энд хамруулах шаардлагагүй, одоо мөрдөж байгаа хуулийн дагуу тусгай хамгаалалт нь Ерөнхийлөгчөөс бусад албан тушаалтанд заавал байх шаардлагатай эсэхийг дахин авч үзэх, Ерөнхийлөгч байсан хүн гадаад, дотоодын аж ахуйн нэгжид зөвлөгөө өгч, давуу байдал олгохыг хориглох зэргийг хуульд зохистойгоор тусгах шаардалагатай;

Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүс олж авсан мэдлэг, мэдээллээ тодорхой нэг сонирхлын бүлэгт ашиглахыг хязгаарлах, энэ хүмүүсийн тодорхой эрх Монгол улсын нийтлэг эрх ашгаар хязгаарлагдах нь зайлшгүй асуудал бөгөөд үүнийг харгалзан үзэж, хуулийн төсөлд тусгах нь зүйтэй;

Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төсөлд ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүсээс зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг насан туршид тусгай хамгаалалтанд байлгаж, ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөхөөр ажиллуулах, албан үүргээсээ чөлөөлөгдсөний дараа улс төр, бизнест оролцохгүй байх асуудлыг судлаж, гэр бүлээр нь төрийн хамгаалалтанд авахаар хуульчилж өгөх нь зүйтэй;

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг бусад орны туршлагаас үзэхэд төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, өөрийн харъяалан ажиллаж байсан салбарт ажиллах нь зохимжгүй гэж үздэг тул уг асуудлыг судлах, хүнийг ажил хөдөлмөрөө сонгох, өмч хөрөнгө эзэмших, улс төрд оролцох эрхийг хязгаарлаж болох эсэхийг олон талаас судлан үзэж байж энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй зэрэг саналуудыг хэлсэн болно.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгаас санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД

БОДЛОГЫН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                              Ц.ЦОЛМОН

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл