Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын даргаар Миеэгомбын Энхболдыг сонголоо

Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.05.Мягмар гараг/ хуралдаанаар Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын даргыг сонгох ажиллагааг эхлүүлж, Улсын Их Хурлын насаар хамгийн ахмад гишүүн Ч.Улааныг хуралдааныг даргалахыг урив.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдэд танилцуулж батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 76 гишүүний 75 нь буюу 98.7 хувь нь дэмжив.

Дараа нь Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд 65 суудал авсан МАН-ыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдын нэрийг дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг уншиж танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Эрдэнэ, О.Баасанхүү, Ө.Энхтүвшин, Я.Санжмятав нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ингээд хуралдаан даргалагч Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 76 гишүүний 66 нь буюу 86.8 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдыг Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцохоор болов.

Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан шинээр сонгогдсон Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өгөв.

Дараа нь шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнөөдөр Улсын Их Хурлын 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, гишүүд тангаргаа өргөснөөр төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүтэн бүрэлдэхүүнтэй боллоо. Улсын Их Хурлын даргын өндөр хүндтэй албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн МАН, сонгож батламжилсан Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье гэлээ.

Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга зарчим, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зэрэг Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг чанд баримтлан ажиллах болно.

Улсын Их Хурлын гишүүний тангаргаа өргөсөн энэ мөчид Улсын Их Хурлаас нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэх дараахь асуудлуудад Та бүхний анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзлээ.

Бид мэргэжлийн Засгийн газрыг байгуулж нэн даруй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байна. Салбарынхаа үйл ажиллагааг бүхий л талаас нь мэддэг, мэргэшсэн төрийн зүтгэлтнээр Засгийн газрыг бүрдүүлж, төр, засгийн тогтвортой ажиллах нөхцөлийг хангана.

Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан Улсын Их Хурлаар батлуулах хэрэгтэй.

Хуулийн хугацаанд батлах ёстой зарим асуудал өмнөх Улсын Их Хурлын үед шийдвэрлэгдээгүй үлджээ. Тухайлбал, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний төсөөлөл батлагдаагүй. Энэ оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлага ч тулгамдаж байна.

Наадмын дараа намар гэдэг. Шинээр байгуулагдах Засгийн газар, улс орны өвөлжилтийн бэлтгэлийг хангах Үндэсний их баяр наадам болон АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулах, даян дэлхийн энх тайван найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадамд оролцох багийн бэлтгэлийг хангах зэрэгт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо.

Үүгээр Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, Улсын Их Хурлын шинэ гишүүд дурсгалын зураг татууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл