Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажиллав

Улаанбаатар хот
2013.1.20

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 1 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд БНСУ-ын Үндэсний ассамблейн Төсвийн шинжилгээний албаны ажилтай танилцаж, туршлага судлан ажиллаа.

Уулзалтын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Ц.Даваасүрэн нь БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Ли Бюунг Сүк, Үндэсний ассамблейн Төсвийн байнгын хорооны дарга Чо Вон Жин, Үндэсний ассамблейн Төсвийн бодлогын албаны дарга Жү Юунг Жин нартай уулзаж, Хоёр орны Парламент хоорондын болон Монгол улс- БНСУ-ын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

БНСУ-ын Үндэсний ассамблейн Төсвийн бодлогын алба нь 2003онд байгуулагдсан, 125 албан хаагчтай, бие даасан, хараат бус, ил тод байдал, мэргэжлийн гэсэн үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Төсвийн бодлогын алба нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг хууль эрх зүйд хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт гаргаж, Парламентын гишүүдэд мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө үзүүлдэг бөгөөд Засгийн газрын төсвийн гүйцэтгэлд хяналт тавьдаг байна.

Үндэсний ассамблейн дэд дарга Ли Бюунг Сүк уулзалтын үеэр Шинэ Төсвийн шинжилгээний албыг байгуулахад мэргэжлийн боловсон хүчин чухал шаардлагайтай байдаг тул БНСУ-д мэргэжилтнүүдээ бэлтгэх, харилцан туршлага солилцох нь чухал ач холбогдолтой юм. Иймд Төсвийн шинжилгээний албыг шинээр байгуулахад бүх талын туслалцаа үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний ассамблейн нэгдсэн чуулганы тэнхим, Төсвийн байнгын хорооны ажлын алба, Төсвийн шинжилгээний ажлын алба, Үндэсний ассамблейн номын сан зэрэг газруудтай танилцсан юм.



Төсвийн байнгын хорооны ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл