Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХОЁРДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 10 дугаар                                                                                                                                                                             Улаанбаатар хот
сарын 17-ны өдөр

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн билээ.
Уг төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэв.
Байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Д.Эрдэнэбат нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарим зүйлийг тодруулж, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн болно.
Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Засгийн газар тусгайлсан хуулиуд дээр байгаа төсөвтэй холбоотой зохицуулалтуудыг бүгдийг нь төсвийн хуулинд нэмэлтээр оруулж, бусад холбогдох хуулиуд дахь зохицуулалтуудыг хасах, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж татварын харилцааны асуудлыг зөвхөн татварын тухай хуулиудад оруулан Төсвийн байнгын хороон дээр нэгтгэгдэхээс өмнө зохицуулалтыг хийх нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргалаа.
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей Улсын Их Хурлын Тамгын газарт 701.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тусгах, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, А.Тлейхан нар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын байр барих 450.0 сая төгрөг, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг зохион байгуулах зардал 3.226.5 сая төгрөг, Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт Сүхбаатар аймгийн Халзан сумын Засаг даргын Тамгын газрын барилга барих 900.0 сая төгрөгийг 2013 оны улсын төсөвт тус тус нэмэх саналуудыг гаргасныг Байнгын хорооны гишүүд дэмжсэн болно.
Эдгээр саналыг Төсвийн байнгын хороон дээр хэлэлцэгдэхээс өмнө Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яам тухайн чиглэлийн дүнд нь багтаан зохицуулан тусгах боломж байгаа эсэхийг судлах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийн талаар тус Байнгын хорооноос оруулж байгаа санал, дүгнэлтийг хэлэлцэн, шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                            А.БАКЕЙ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл