Цэс

Холбоо барих

Оролцогчид саналуудаа илэрхийлснээр “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөв

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг (2019.07.23) үдээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулж улс төрийн нам, иргэдийн төлөөлөл, судлаачдын асуулт, хариултаар үргэлжилсэн. Нийт 32 оролцогч асуулт асууж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нараас хариулт авсан. Дараа нь төсөл, саналтай холбогдуулан “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдвийн хүрээнд судлаачид, улс төрийн намуудын төлөөлөл, иргэд байр сууриа илэрхийлж, саналаа хэлэв. 


    Тухайлбал, парламентын гишүүдийн тоог 108 болгож, хугацааг 5 жил болгох агуулга бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх заалтуудыг дэмжиж буйгаа доктор П.Амаржаргал илэрхийллээ. Үүний зэрэгцээ парламентын асуудлыг цогцоор шийдвэрлэх, Улсын Их Хурлын тарах механизмыг тодорхой болгох шаардлага бий гэдгийг хэлж, саналаа тайлбарлаж байв. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг өөрчлөх цогц, зоримог шийдэл шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн бол доктор О.Мөнхсайхан хэлэлцүүлэгт оролцогчдод тодорхой мэдээллүүдийг хүргэв. Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг хоёр боловсруулж, бэлэн болсон төслөө Улсын Бага Хурлаар хэлэлцүүлэн, олон нийтээс 900.000 гаруй санал авч, эрдэм шинжилгээний хурлуудыг хийн, дахин Улсын Бага Хурал болон Ардын Их Хурлаар хэлэлцүүлэн, 1992 онд баталсан. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх үйл явц нь дээрхтэй ижил үйл явцаар өрнөж буйг тэмдэглэв. Монгол Улсын хэтийг тодорхойлох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулахаар хэлэлцэж буйг дэмжиж буйгаа Монгол Консерватив намын Н.Дашдаваа илэрхийлсэн. Хэлэлцүүлж буй төслийг зөвхөн бидэнд, өнөөдөрт зориулсан гэж харах нь өрөөсгөл. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон, үүнийг бид 10 гаруй жил ярьж хэлэлцсээр өнөөдрийг хүргэсэн гэлээ.


Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслөөс дэмжиж буй заалт болон дэмжихгүй байгаа заалтаа тодорхой хэлэв. Төрөө хүндэлж, нийтээрээ эв эеийг хичээн хөгжлийн гацаанаас гарах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн, батлахыг дэмжиж байна гэлээ. Түүнчлэн Дэлхийн монголчууд нам дээрх нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлээд тодорхой саналууд хэлж байв. Иргэний зориг, ногоон намын зүгээс улс төрийн намуудтай холбоотой төсөл дэх зүйл заалтын талаар байр сууриа илэрхийлж, өөрсдийн зүгээс тодорхой саналыг гаргалаа. Иргэн Л.Сэлэнгэ сонгуулийн тогтолцооны талаар Монгол Улсын Үндсэн хуульд тусгах нь оновчгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, тайлбар хэлсэн бол Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь нийгмийн захиалга” гэдгийг тэмдэглэж байв. Үүнд улс төрийн намуудын зөвшилцөл нэн чухал гэдгийг тайлбарын хамт хэлсэн. 

    Ийнхүү Монголын үндэсний ардчилсан нам, Монголын хүний төлөө нам, Монгол шинэчлэлт нам, Зон олны нам, Үнэн ба зөв нам, Хөгжлийн хөтөлбөрийн намын төлөөлөл болон эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийлж, тус тусын саналаа тайлбарын хамт танилцууллаа.

    Хэлэлцүүлгийн зарим оролцогч бичгээр тодорхой саналуудыг ирүүлсэн гэдгийг хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нийт оролцогчдод дуулгав. Хэлэлцүүлэг маргааш (2019.07.24) “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах” сэдвээр үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл