Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга М.Энхболдын МУБИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтэд хэлсэн үг

2016.09.01

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид,

Эрдэмтэн багш нар,

Оюутан залуучууд аа

Та бүхэнд болон та бүхнээр уламжилж Монгол Улсын өнцөг булан бүрт өнөөдөр хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг хийж буй их дээд сургууль, МСҮТ-ийн сурагч, оюутнуудад эрдмийн их баярын мэндчилгээг дэвшүүлье.

Их, дээд сургуульд суралцах эрх авна гэдэг нь тухайн хүний хувьд том хувь тавилан. Дээд боловсрол эзэмшин, эрдэм боловсролоороо тэгш, хүмүүжлээрээ бусдад үлгэр дуурайлал болохуйц мэргэжилтэй боловсон хүчин болж улс орныхоо хөгжлийн хойч ирээдүйг жолоодож явна гэдэг бол том хувь тавилан. Үүнийг хүүхэд залуучууд та бүхэн эдлэхдээ аль болох өөрийн сонгосон мэргэжил, элсэн суралцсан сургууль, мэргэжлийн онцлог зэргийг үнэлж, зөвхөн сургуулийн танхимд багш нарын заасан, сургасан хөтөлбөрийн хүрээнд биш, эзэмшиж буй мэргэжлийн чиглэлээр улс орон, тив дэлхийн хэмжээнд ямар шинэ ололт, дэвшил гарч байгааг эрж хайн суралцан мэдлэг, чадвартай боловсон хүчин болоорой хэмээн хүсэн ерөөе.

Улс орны хөгжил бол хүүхэд залуучууд, хойч ирээдүй болсон багачуудын мэдлэг боловсролоос ихээхэн хамааралтай. Тиймээс хүүхэд багачууд хэр чанартай багш нараар эрдэм ном заалган, сайн хүмүүжинэ тэр хэрээр улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хүн болж төлөвшинө гэсэн үг. Багшийн мэргэжил эзэмших нь улс орны ирээдүйн төлөө өндөр хариуцлага хүлээх сонголт юм. Та бүхний ур чадвар, улс орны хөгжилд оруулсан хувь нэмэр шавь нарын чинь боловсрол, мэдлэг, чадвар, тэдний эх орныхоо төлөө хийсэн, бүтээсэн бүхнээр хэмжигдэнэ.

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 65 жилийн түүхт ой тохиож байгаа, түүнчлэн энэ хугацаанд улс орны хэмжээнд 70 000 гаруй мэргэжлийн багш бэлтгэн, боловсролын салбарыг боловсон хүчнээр хангаж, улс орны хөгжилд оруулж ирсэн үнэтэй хувь нэмэрийг үнэлж, би тус сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцох сонголт хийсэн. Нөгөөтэйгүүр, даян дэлхийн энх тайван, найрамдлын билэг тэмдэг болсон Олимпийн их наадамд амжилттай оролцсон медалийн эздийг төрүүлсэн хамт олон учраас Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн нээлтэд хүрэлцэн ирлээ.

Та бүхэн сургуулийнхаа түүхт ойг сурлага, хөдөлмөр, хүмүүжил, урлаг спортын өндөр амжилтаар угтахын ерөөл дэвшүүлж, Олимпийн медальтнуудыг төрүүлсэнд амжилтыг цохон баяр хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд улс орныг хөгжүүлэх, бүх салбарт хийж хэрэгжүүлэх ажлынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг бид хэлэлцэж байгаа. Яг өнөөдөр хэлэлцэж байгаа 2016 оны төсвийн тодотголд оюутан залуучууд та бүхний, та бүхний төдийгүй ээж, аав, ахан дүүсийн сэтгэл санааг зовоож байдаг сургалтын төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байна. Боловсролын санг шинэчлэн зохион байгуулж, тус сангаас боловсролын зориулалтаар зээл олгодог, сургуулиа төгсөөд эргүүлэн төлдөг тогтолцооны эхлэлийг тавьж, улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгийг тусгаж, энэ төсвийн тодотгол батлагдмагц хэрэгжихээр болж байгаа.

Мөн оюутан, залуучууд сурахын зэрэгцээ ажил амьдралын дадлага сууж, амьдралдаа хэрэгцээтэй байгаа санхүүгээ шийдвэрлэхэд нь тус нэмэр болох зорилгоор ирэх дөрвөн жилийн хугацаанд “Орлоготой оюутан” хөтөлбөрийг Засгийн газрын хэмжээнд хэрэгжүүлж, оюутан залуучуудыг ажил хөдөлмөр эрхлэх боломж бололцоогоо хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Түүнчлэн орон нутгаас ирж суралцдаг оюутнуудын хувьд тун чухал асуудал болдог дотуур байрны хүрэлцээ, хангамж, үйлчилгээг сайжруулах, оюутнууд эрүүл мэндийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр авдаг эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг Та бүхний өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх хөтөлбөрийн төслийг Засгийн газар боловсруулснаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дуулгахад таатай байна.

Төр засгаас боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулдаг. Улсын төсвийн нийт хөрөнгийн 25 хувийг, олсон санхүүгийн дөрвөн төгрөг тутмын нэг төгрөгийг боловсролын салбарт зориулж байна. Цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэх, тэр тусмаа их дээд сургуулиудын үйл ажиллагаа явуулах, сургалтын бүхий л хөтөлбөрийг бүрэн дүүрэн хангахад шаардагдах хөрөнгө бололцоог хангах тал дээр тодорхой, олон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг хэлэхийг хүсч байна.

Оюутан залуус та бүхэн эзэмшиж буй мэргэжлийнхээ дагуу их зүйлийг сурч, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, цаашдын хувь заяаг авч явах өндөр хариуцлагатай үүргээ сайн биелүүлэх, зөвхөн Монголдоо төдийгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролтой, эрдэмтэй хүн болж, энэ сургуульд суралцах хугацаандаа амьдралын олон дадлага, туршлагыг хуримтлуулсан өв тэгш боловсон хүчин болоорой хэмээн хүсэж, уриалж байна.

Шинэ хичээлийн жилдээ багш нартаа, оюутнууддаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл