Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүд Итали Улсын Сенатын танхимын гишүүн Антонио Рацци тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, Монгол-Италийн парламентын бүлгийн дарга А.Ундраа, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа нар Итали Улсын Сенатын танхимын гишүүн Антонио Рацци тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр /2016.09.05/ уулзлаа.

УИХ-ын гишүүн А.Ундраа Бүгд Найрамдах Итали Улсын Сенатын гишүүд Монгол Улсад айлчилж байгаад баяр хүргээд, тавтай зочлохыг хүслээ.

Тэрбээр Итали Улсын төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн А.Ундраа Монгол Улсад зохион байгуулагдсан Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр хуралд Италийн талаас өндөр ач холбогдол өгч, Италийн Парламентын 2 танхимаас өндөр түвшинд оролцохын сацуу Сенатын танхимын Ерөнхийлөгч албан ёсны айлчлал хийснийг тэмдэглээд, энэхүү айлчлал нь Италийн талаас хоёр талын харилцаанд чухал ач холбогдол өгч буйн илэрхийлэл гэж үзэж байгаагаа онцоллоо.

Түүнчлэн хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд, тэр дундаа хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааг бэхжүүлэхэд парламент хоорондын бүлэг чухал хувь нэмэр оруулдаг болохыг дурдаад, Монголын тал Монгол-Италийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Итали Улсын хууль тогтоох дээд байгууллагуудын зүгээс тал бүрийн дэмжлэг үзүүлэх нь өндөр ач холбогдолтой хэмээн хэлсэн юм.

Итали Улсын Сенатын танхимын гишүүн Антонио Рацци найрсгаар хүлээн авч уулзаж буйд талархаж буйгаа УИХ-ын гишүүдэд илэрхийлээд энэхүү айлчлалыг зохион байгуулахад маш их үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд асан Ш.Одонбаатарт талархаж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр Италийн парламент Монгол Улстай бүхий ч чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйг тэмдэглээд, хоёр улсын ЭСЯ-дууд эдийн засаг, худалдаа, соёлын салбарт олон ажлыг хийнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Уулзалтад оролцсон гишүүд Итали Улсын Сенатын танхимын гишүүн А.Рацци тэргүүтэй төлөөлөгчидтэй эдийн засаг, соёл, арьс ширний үйлдвэрлэл, экологийн цэвэр хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар мөн санал солилцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл