Цэс

Холбоо барих

“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот


Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Г.Батхүү


Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээний тухай саналаа 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг 15.8 тэрбум төгрөг байхаар санал ирүүлсэн болно. Уг асуудлыг Төсвийн байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэж санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн болно. Төсвийн байнгын хороо нь санал, дүгнэлтэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн дагуу Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулинд сонгууль явуулахад зориулан 17.2 тэрбум төгрөг баталсан тул уг тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа, Д.Эрдэнэбат, Р.Гончигдорж нар саналаа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа Сонгуулийн ерөнхий хорооны ирүүлсэн саналын зарим зардал нь үндэслэлгүй байгаа тухай, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн зардлыг Төрийн байгуулалтын байнгын хороо сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах, таатай явах боломжийг бүрдүүлэх талаас нь хангах нь зүйтэй гэж өөрсдийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд мөн түүнчлэн Байнгын хорооны дарга болон санал гаргасан гишүүд төлөвлөлтөд аудитын дүгнэлтийг оруулах нь зүйтэй гэсэн саналыг гаргав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 15.8 тэрбум төгрөг байхаар Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжиж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                           А.БАКЕЙ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл