ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.05.28-06.01/

  2018-06-04 13:23  254

 


УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва ХБНГУ-ын Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Талууд “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит зургадугаар хуралдааны хүрээнд яригдах зарим асуудал болон Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийг бэхжүүлэх, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. 2018.05.28 http://www.parliament.mn/n/jbjy


УИХ-ын гишүүн, “Хөгжлийн төлөөх эрдэмтэд” ТББ-ын тэргүүн Т.Аюурсайханы санаачилгаар “XXI зуун: Шинэ даяаршил ба хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг Монгол Улсын Эрдмийн их сургуульд өрнөж, хэлэлцүүлэгт МУЭИС, ХААИС, МУИС, ШУТИС, СЭЗИС, ШУА болон Үндэсний хөгжлийн газраас эрдэмтэн судлаачид, доктор, профессоруудын төлөөлөл оролцов. 2018.05.29 http://www.parliament.mn/n/jijy


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Дараа нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Мөн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 2018.05.29 http://www.parliament.mn/n/j3jy


Зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Бурхан багшийн Их дүйчэн буюу эхээс мэндэлсэн, бурхны хутгийг олж төгс гэгээрсэн, жанч халсан гурван их үйл давхацсан өдөр тохиож, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд “Ёс суртахуунаа эрхэмлэе” хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа болов. Бурхан багшийн үйлс, зохионгуйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас тунхагласны дагуу 2000 оноос олон улсын баяр болгон тэмдэглэж ирсэн Их дүйчэн өдрийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож үг хэлэв. 2018.05.29 http://www.parliament.mn/n/kbjy


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив. 2018.05.29 http://www.parliament.mn/n/j7jy

 


Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон үүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив. 2018.05.29 http://www.parliament.mn/n/kfjy


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг Хавдар судлалын үндэсний төвд ажиллав. 2018.05.29 http://www.parliament.mn/n/k7jy


“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив. Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн зорилго нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцаа, хөрөнгийг хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, улмаар хувьчлалаас олох орлогоор хуулийн этгээдийн техник технологийг шинэчлэн, компанийн засаглалыг хөгжүүлэхэд оршиж байгаа аж. 2018.05.29 http://www.parliament.mn/n/mbjy

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилсан Шведийн Гадаад хэргийн яамны Хүн худалдаалахтай тэмцэх асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, ноён П.Сунэссоныг УИХ-ын гишүүн Н.Оюундарь хүлээн авч уулзан талууд Палермогийн протоколыг хэрэгжилтийг сайжруулах талаар санал солилцов. 2018.05.29 http://www.parliament.mn/n/mjjy

 


Монгол Улсын Их Хурлын урилгаар манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Төв Азийн бүлгийн дарга Манфред Грунд тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа Иж бүрэн түншлэлийн хүрээнд амжилттай хөгжиж, түүний дотор парламент хоорондын харилцаа өргөжин бэхжиж байгааг уулзалтын эхэнд УИХ-ын дарга онцлоод, Парламентуудын харилцаа сайн байх нь худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжих гол суурь нөхцөл болж байдаг хэмээн тэмдэглэлээ. 2018.05.30 http://www.parliament.mn/n/m3jy


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. Дараа нь Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураахад УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй. 2018.05.30 http://www.parliament.mn/n/mijy


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь  Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Оюундариар ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтов. 2018.05.30 http://www.parliament.mn/n/mtjy


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолыг батлав. 2018.05.30 http://www.parliament.mn/n/m7jy



УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд зарчмын зөрүүтэй санал авч, өөрчлөн найруулахаар тогтов. 2018.05.30 http://www.parliament.mn/n/cbjy


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2018.05.30 http://www.parliament.mn/n/cfjy

 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын Төсвийн байнгын хорооны болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга нартай уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бээжин дэх ахлах эдийн засагч Бил Бикалес, Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара нарын зэрэг албаны хүмүүс багтсан байлаа. 2018.05.30 http://www.parliament.mn/n/cijy

 


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын гадаад бодлогын талаарх мэдээллийг хаалттай горимоор сонсов. Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 06 дугаар дүгнэлтийг сонсов. Үргэлжлүүлээд “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав. Мөн хуралдаанаар  “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. 2018.05.30 http://www.parliament.mn/n/ctjy


УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд  Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдмөн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн, Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Дараа нь Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 2018.05.31 http://www.parliament.mn/n/pbjy


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Монголбанкны удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2018.05.31 http://www.parliament.mn/n/pfjy

 


Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт анх 1925 онд Женевт зохион байгуулагдсанаар 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгох уриалга гаргаж, Монгол Улс 1952 оноос эхлэн “Хүүхдийн баяр”-ын энэ өдрийг жил бүр тэмдэглэж иржээ. Баярын өдрийг тохиолдуулан “Ирээдүйгээ сүүгээр мялаая” уриатай арга хэмжээ болж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Мустафа Синасер нар баяр хүргэн үг хэлж, энэ үеэр тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан 50 шилдэг хүүхдэд бэлэг гардууллаа. http://www.parliament.mn/n/ptjy

 

УИХ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

  

 


  2018-06-04 08:24  254